Японы парламентын Төлөөлөгчдийн танхим (доод танхим) Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонхийн саналаар баталжээ. Энэхүү өөрчлөлт нь эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо эрс цөөрч буй асуудлыг шийдвэрлэх, хааны гэр бүлийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах зорилготой аж.

Хуулийн төслийг парламентын энэ удаагийн ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө Зөвлөхүүдийн танхим (дээд танхим)-аар хэлэлцэн эцэслэн баталж, хүчин төгөлдөр болгохоор төлөвлөжээ.

Эмэгтэй гишүүд гэрлэсний дараа статусаа хадгална

Хуулийн төслийн онцлох өөрчлөлтийн нэг нь эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүдийн эрх зүйн байдалтай холбоотой ажээ.

Одоогийн мөрдөж буй хуульд эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн хааны удмын бус энгийн иргэнтэй гэрлэсэн тохиолдолд эзэн хааны гэр бүлийн гишүүний статусаа алдаж, гэр бүлээс гардаг.

Харин шинэ өөрчлөлт батлагдвал тэд гэрлэсний дараа ч эзэн хааны гэр бүлийн гишүүний статусаа хадгалан үлдэх боломжтой болж, хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрөхөөс сэргийлж, албан ёсны үүрэг, олон нийтийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа аж.

Хааны угсааны эрэгтэйчүүдийг дахин гэр бүлд нэгтгэнэ

Төсөлд мөн эзэн хааны гэр бүлийн хуучин салбар угсааны эрэгтэй удмын хүмүүсийг тодорхой нөхцөлөөр хааны гэр бүлийн гишүүнээр эргэн нэгтгэх зохицуулалтыг тусгажээ.

Тэд өөрсдөө хаан ширээ залгамжлах эрхгүй ч тэдний эрэгтэй үр удам уг эрх нээгдэх боломжтой гэж төсөлд заасан байна. Энэхүү зохицуулалт нь хаан ширээний залгамжлалын тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилготой гэж үзэж байна.

Хуулийн төслийг олон нам дэмжив

Хуулийн төслийг эрх баригч Либерал Ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто нам, мөн сөрөг хүчний хэд хэдэн намын төлөөлөгчид дэмжжээ. Тодруулбал, Японы сэргэн мандалтын нам, Үндсэн хуулийн ардчилсан нам, Ард түмний төлөөх ардчилсан нам, Сансэй нам зэрэг улс төрийн хүчнүүд төслийг дэмжсэн санал өгсөн байна.

Японы Коммунист нам болон Рэйва Шинсэнгүми нам уг төслийг эсэргүүцжээ. Мирай баг намын хувьд гишүүддээ намын хатуу байр суурь тулгалгүй, өөрсдийн үзэмжээр санал өгөх боломж олгосон байна.

Мөн парламентын байнгын хорооноос хаан ширээний залгамжлалыг урт хугацаанд тогтвортой хадгалах боломжит хувилбаруудыг цаашид үргэлжлүүлэн судлахыг Засгийн газарт зөвлөсөн нэмэлт тогтоолыг баталжээ.

Хаан ширээний залгамжлалын асуудал анхаарлын төвд байна

Одоогийн байдлаар Японы эзэн хааны гэр бүл Эзэн хаан Нарүхито болон бусад 15 гишүүнээс бүрдэж байна. Японы Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд зааснаар хаан ширээг зөвхөн эцгийн шугамын эрэгтэй үр удам залгамжлах эрхтэй бөгөөд эмэгтэй гишүүд болон тэдний хүүхдүүд уг эрхийг эдэлдэггүй.

Үүний улмаас өнөөдөр хаан ширээг залгамжлах эрхтэй ердөө гурван хүн байгаа бөгөөд тэдний дундаас Ханхүү Хисахито л залуу үеийн цорын ганц төлөөлөл юм. Иймд ирээдүйд эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо улам цөөрч, хаан ширээний залгамжлалд хүндрэл үүсэх эрсдэл бий гэсэн болгоомжлол Японы нийгэм, улс төрийн хүрээнд олон жилийн турш яригдсаар иржээ.

Шинэчлэлийн ач холбогдол

Энэхүү хуулийн төсөл нь зөвхөн эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоог хадгалах бус, Японы эзэн хааны институцийн тогтвортой үйл ажиллагааг ирээдүйд үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилготой гэж үзэж байна.

Хэрэв уг төсөл парламентын дээд танхимаар батлагдан хүчин төгөлдөр болбол Японы эзэн хааны гэр бүлийн тогтолцоонд сүүлийн жилүүдийн хамгийн том эрх зүйн шинэчлэлийн нэг болох юм.

Эх сурвалж: NHK, JAPAN TIMES