Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр (2026.05.07) шүүх шинжилгээний байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа орон нутаг дахь хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл хийж, хүний эрх зөрчигдөх ноцтой эрсдэл үүссэнийг анхаарууллаа.
Тэрбээр Монгол Улсад шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргааны 98 хувьд нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гардаг бөгөөд эдгээр дүгнэлт нь хэргийг шийдвэрлэх үндсэн нотлох баримтын нэг болдог тогтолцоо бүрдсэн гэдгийг онцлов.
Шүүх шинжилгээний байгууллага жилд дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэг хийж, 75 мянга гаруй шинжилгээ боловсруулдаг бөгөөд өдөрт 200 гаруй шинжилгээ тогтмол хийдэг байна. Эдгээр шинжилгээний дийлэнх нь хүний бие, эд зүйлд хийгддэг ажээ.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх, хувийн нууцаа хамгаалуулах, цаашлаад хохирлоо барагдуулах зэрэг хүний суурь эрхүүдтэй шууд холбоотой асуудал болдог" хэмээн тайлбарласан юм.
Иймээс шүүх шинжилгээг өндөр ур чадвартай мэргэжилтнүүд орчин үеийн техник, технологид тулгуурлан, эрүүл ахуй болон стандартын шаардлага хангасан орчинд хийх ёстойг Б.Энхболд онцлов. Гэвч бодит нөхцөл байдал дээр энэ шаардлага хангагдахгүй байгаа нь ХЭҮК-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.
Тодруулбал, ХЭҮК Шүүх шинжилгээний ерөнхий газрын харъяа нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймаг, дөрвөн суманд үйл ажиллагаа явуулж буй нийт 33 нэгжид хяналт шалгалт хийж, мөн салбарын 1000 гаруй ажилтан, алба хаагчтай уулзаж, ярилцлага авсны үндсэн дээр дүгнэлт боловсруулжээ.
Шалгалтын дүнгээр орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагуудын барилга байгууламж, лабораторийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байгаа нь хүний эрх зөрчигдөх эрсдэлийг бий болгож байгааг тогтоосон байна.
Ялангуяа аймаг, сумдын зарим шүүх шинжилгээний нэгжүүд бие даасан байргүй, ашиглалтын хугацаа нь дууссан, цаашид ашиглахыг хориглосон дүгнэлттэй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь анхаарал татжээ.
Зарим тохиолдолд цагдаагийн байгууллагын байрны нэг өрөөнд, эсвэл Засаг даргын Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь хараат бус, бие даасан ажиллах зарчим алдагдахад хүргэж, улмаар хохирогчдын эрх ашгийг зөрчих нөхцөл үүсгэж байгааг ХЭҮК онцолсон байна.
Мөн 2025 оны байдлаар орон нутагт хүний биед хийсэн шинжилгээний 1024 тохиолдол эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус орчинд хийгдсэн гэх мэдээллийг танилцууллаа. Үүнээс 160 орчим нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой шинжилгээ байжээ.
Өдгөө 79 насанд хүрээгүй хохирогч ийм нөхцөлд үзлэг, шинжилгээнд хамрагдсан нь тогтоогдсон аж. ХЭҮК-оос үүнийг хохирогчийг дахин хохироож буй ноцтой нөхцөл байдал гэж үзэж байгаа бөгөөд асуудлыг бодлогын түвшинд яаралтай анхаарч, шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.