Украины нийслэл Киев хотод цохилтын бай болсон объектуудын нэг нь хүнд даацын нисгэгчгүй төхөөрөмж (дрон) боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг “Аэродрон” үйлдвэр, мөн “Фанплит” ХК-ийн үйлдвэр байжээ. Тус үйлдвэрт “Fire Point-2” нэртэй, 200 км хүртэлх зайд нисэх боломжтой дронуудыг угсарч, хадгалдаг гэж мэдээлсэн байна.

ОХУ-ын талын мэдээлэлд “Тус үйлдвэр фанер болон тавилга үйлдвэрлэдэг иргэний зориулалттай үйлдвэр мэтээр халхлагдсанаар тагнуулын байгууллагуудаас жинхэнэ зориулалтаа нуух, ачаа тээвэрлэлтийг хууль ёсны мэтээр зохион байгуулах боломж бүрдүүлсэн” гэжээ.

Одессын мужид Оросын цэргүүд дараах объектуудыг онилсон гэж мэдээлэв. Үүнд:

“Черноморск” боомт, Украины Зэвсэгт хүчинд зориулсан цэргийн зориулалттай ачаа болон шатах тослох материал нийлүүлэх чухал логистикийн зангилаа;
“Южный” боомт, мөн адил цэргийн ачаа тээврийн чиглэлд ашиглагддаг боомт;
“Измаил” боомт, Дунай мөрний бүс дэх Украины Зэвсэгт хүчний чухал нөөц логистикийн зангилаа багтжээ.

Мэдээлэлд дурдсанаар, эдгээр объектуудад зэвсэг, цэргийн техник хадгалдаг агуулахууд, шатах тослох материалын нөөцлүүрүүд, цэргийн зориулалттай ачаа хүлээн авах дэд бүтэц зэрэгт цохилт өгсөн байна.

Украины “Страна.ua” хэвлэлд мэдээлснээр, Киевийн дээгүүр ниссэн “Искандер-М” баллистик пуужингуудын нэгийг нь ч Украины агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулж чадаагүй гэжээ.

ОХУ-ын талын мэдэгдэлд “Украины Зэвсэгт хүчний халдлагын хариуд Оросын арми зөвхөн Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын объектууд болон цэргийн байгууламжуудын эсрэг өндөр нарийвчлалтай агаар, далай, газар дээр суурилсан зэвсэг болон нисгэгчгүй төхөөрөмж ашиглан цохилт өгч байна” гэж дурдсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI