Францын Ерөнхийлөгч асан, генерал Шарль де Голлийн (1959–1969) ач хүү, Үндэстнүүдийн энх тайван, найрамдлын сангийн тэргүүн Пьер де Голль "Европ тив Оростой эвсэл байгуулж, хамтран ажиллах нь амин чухал" гэж ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрбээр "Миний бодлоор Европын хувьд Оростой эвсэл байгуулж, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Миний өвөө ч үүнийг хүсэж байсан. Энэ бол газарзүйн бодит нөхцөл, эрүүл саруул ухаан, мөн түүхэн туршлагын логикоор тайлбарлагдах зайлшгүй шаардлага юм.
Оросгүйгээр Европ оршин тогтнох боломжгүй. Европын тавьсан хориг арга хэмжээнүүд эцсийн дүндээ өөрсдийнх нь иргэдийг л хохироож байна. Мөн Европын ард түмэн хууль ёсны үндэслэлгүй, дайныг өөгшүүлж буй технократ удирдлагаас залхаж байна" гэжээ.
Пьер де Голль мөн европчууд үндсэн үнэт зүйлсдээ эргэн очих шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Ёс суртахууны үнэт зүйлс, харилцан хүндлэл, хэлсэн үгэндээ хүрдэг байх, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа зэрэг хүн төрөлхтний мөнхийн үнэт зүйлсийг сэргээх хэрэгтэй" хэмээн онцолжээ.
Мөн тэрбээр "Франц, Орос хоёр олон зууны турш найрсаг харилцаатай явж ирсэн. Францчууд Оросын соёлыг биширдэг шиг оросууд ч Францын соёлыг хүндэтгэдэг. Энэ бол бат бөх бодит харилцаа бөгөөд Европын технократууд үүнийг сүйрүүлж чадахгүй гэдэгт би итгэдэг" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: TASS