Украины дайнд Оросын талд тулалдаж байгаад хамгийн багадаа 3589 гадаадын иргэн амиа алдсан болохыг BBC болон Оросын хараат бус "Медиазона" хэвлэл, сайн дурын судлаачдын багийн хамтарсан мониторингийн дүн харуулжээ.
Тайланд дурдсанаар, амиа алдсан хүмүүс Эквадор, АНУ-аас эхлээд Вьетнам, Шри-Ланка зэрэг 40 гаруй улсын иргэд аж. Судалгаагаар, тэдгээрээс 1285 хүн нь гадаад улсын иргэн болох нь батлагджээ.
Тэдний нас барсан тухай мэдээллийг албан ёсны байгууллагын мэдэгдэл, ар гэрийнхний олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэл, мөн булш, цэргийн дурсгалын гэрэл зураг зэрэг нээлттэй эх сурвалжид тулгуурлан баталгаажуулсан байна.
Мөн тайланд БНАСАУ-ын 2304 цэрэг 2024 оны наймдугаар сард Украины Зэвсэгт хүчин Курск мужид явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан гэж дурдсан байна.
Энэхүү мэдээллийг BBC-ийн Солонгосын алба хиймэл дагуулын зураг болон Пёньянд байрлах цэргийн дурсгалын цогцолборын албан ёсны гэрэл зургуудад хийсэн дүн шинжилгээнд үндэслэн гаргажээ.
ТУХН-ийн орнуудаас Узбекистан, Тажикистан, Азербайжан тэргүүлжээ Украины дайнд Оросын талд тулалдаж, амиа алдсан ТУХН-ийн орнуудын иргэдийн тоогоор Узбекистан, Тажикистан, Азербайжан эхний гурван байрт бичигдсэн байна.
Алс гадаадын орнуудаас хамгийн олон иргэнээ алдсан эхний гурван улс нь БНАСАУ, Балба, Куба байснаас гадна Энэтхэг, Шри-Ланка, Йемен зэрэг орны иргэдийг идэвхтэй элсүүлж байсан гэж тайланд дурджээ.
Мөн жагсаалтад Украины дайны эхэн үед Украины Засгийн газрын хяналтад байсан нутаг дэвсгэрт бүртгэлтэй 25 Украины иргэн Оросын талын цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаад амиа алдсан тохиолдол багтсан байна.
Судалгаагаар, гадаадын иргэдийн дийлэнхийг хорих ангиудаас элсүүлжээ. Харин Крым, Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн Оросын талд тулалдаж буй оршин суугчдыг тусад нь бүртгэдэг тул тэдний хохирол энэхүү нийт статистикт ороогүй байна.
Гадаадын иргэд нийт хохирлын хоёр хүрэхгүй хувийг эзэлжээ Мониторингийн багийн мэдээлснээр, нэр нь тогтоогдсон 233 мянга орчим Оросын цэргийн алба хаагч амиа алдсаны дотор гадаадын иргэд хоёр хүрэхгүй хувийг эзэлж байна.
НАТО-гийн нэгэн албан тушаалтан Анкарад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэхдээ, одоогийн байдлаар Оросын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд 44 улсын 24 мянга орчим гадаадын хөлсний цэрэг байлдаж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, тэдний дийлэнх нь Африкийн орнуудаас ирсэн хүмүүс аж.
Кенийн Гадаад хэргийн сайд Мусалия Мудавади энэ оны гуравдугаар сард Москва хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаны дараа Кенийн иргэдийг Оросын Батлан хамгаалах яамаар дамжуулан цэргийн албанд элсүүлэхгүй болсон талаар мэдэгджээ.
Тэрбээр "Кенийн иргэдийг цаашид Оросын Зэвсэгт хүчинд элсүүлэхгүй, Украины дайнд оролцуулахгүй байх талаар талууд тохиролцсон. Бид энэхүү тохиролцоог өндрөөр үнэлж байна" хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: DW