Оросын дизель түлшний экспортод тавьсан хориг болон Ирантай холбоотой мөргөлдөөний үр дагавар давхацсанаар дэлхий дахин дизель түлшний нийлүүлэлтийн шинэ хямралын босгон дээр ирээд байна гэж Financial Times (FT) сонин долдугаар сарын 9-нд мэдээлжээ.
Тус сонины үнэлгээгээр, үүний улмаас автомашин эзэмшигчид болон фермерүүдийн түлшний зардал нэмэгдэж, инфляцыг хязгаарлах улс орнуудын хүчин чармайлт эрсдэлд орж болзошгүй байгаа аж.
ОХУ-ын Засгийн газар долдугаар сарын 31-нийг хүртэл дизель түлш, далайн тээврийн түлш болон газойлийн экспортод хориг тавьсан.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 8-нд Ирантай холбоотой мөргөлдөөн дахин хурцадсаны дараа гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр бус болсон гэж мэдэгдсэн билээ.
Энэ нөхцөл байдлын улмаас Персийн булангаар дамжих дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт Ормузын хоолойд Ираны шинэ халдлага гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор дахин буурч, хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Европт дизель түлшний бөөний үнэ огцом өсөв
Европын зах зээл дээр дизель түлшний бөөний үнэ эрс нэмэгджээ. Долдугаар сарын 8-нд Европын дизель түлшний фьючерсийн үнэ түүхий нефтийн үнэтэй харьцуулахад баррель тутамд 60.7 ам.доллар (53.1 евро)-ын дээд зөрүүтэй болж, түүхэн өндөр түвшинд хүрсэн байна.
Сүүлийн үед түүхий нефтийн үнэ буурсан хэдий ч дизель түлшний үнэ өндөр хэвээр байгаа юм. Тухайлбал, Ирантай холбоотой мөргөлдөөний үеэр нефтийн үнэ баррель тутамд 100 ам.доллароос дээш гарч байсан бол одоо ойролцоогоор 70 ам.доллар (61 евро) хүрч буурчээ.
Гэвч дизель түлшний үнэ баррель тутамд 135 ам.доллар (118 евро)-той ойролцоо түвшинд арилжаалагдсан хэвээр байна.
Эрчим хүчний салбарын мэдээлэл шинжилгээний Sparta компанийн шинжээч Нил Кросби хэлэхдээ, Оросын экспортын хориг Африк, Латин Америк болон Зүүн Өмнөд Азийн зарим бүс нутагт дизель түлшний хомсдол үүсгэж болзошгүй гэж анхааруулжээ.
ОХУ-д түлшний хомсдол 60 орчим бүс нутгийг хамарчээ
ОХУ-д тавдугаар сарын сүүлээс эхлэн Украинаас нефть боловсруулах үйлдвэрүүд болон түлш, эрчим хүчний байгууламжуудад хийсэн халдлагууд нэмэгдсэнтэй холбоотойгоор бензин, дизель түлшний ноцтой хомсдол үүссэн байна.
Түлшний дутагдлын улмаас Оросын иргэд шатахуун түгээх станцуудад олон цагаар дараалалд зогсох болсон бөгөөд зарим шатахуун түгээх станц огт ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ.
ОХУ-ын РБК агентлагийн тооцоолсноор, долдугаар сарын эхээр түлш худалдаалахтай холбоотой ямар нэгэн хязгаарлалт хэрэгжүүлж буй бүс нутгийн тоо 60 орчимд хүрсэн байна. Энэхүү статистик тоонд Украины эзлэгдсэн гэж ОХУ-ын үздэг нутаг дэвсгэрүүд мөн багтжээ.
Эх сурвалж: DW