АНУ Европ дахь цэргийн хүчээ бүрэн гаргахгүй гэж мэдэгдэж буй ч Вашингтоны батлан хамгаалах шинэ бодлого нь цэргийн нөөцөө дахин хуваарилах чиглэлд төвлөрч байгаа аж. Өөрөөр хэлбэл, Европ дахь цэргийн оролцоог багасгах бус, стратегийн шаардлагад нийцүүлэн өөр бүс нутгуудад шилжүүлэх асуудал хэлэлцэгдэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Вашингтон НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээ илэрхийлсэн ч Европын аюулгүй байдлыг дангаараа хариуцах боломжгүйг онцолжээ.
Анхаарлын төвд Энэтхэг-Номхон далайн бүс
Пентагоны урт хугацааны стратегид БНХАУ-ыг АНУ-ын хамгийн том геополитикийн өрсөлдөгч гэж тодорхойлсон хэвээр бөгөөд үүнтэй холбоотойгоор Энэтхэг-Номхон далайн бүсэд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа аж.
Вашингтон бүс нутгийн холбоотнууд болох Япон, БНСУ болон бусад түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, агаарын болон тэнгисийн цэргийн хүчээ төвлөрүүлэхээр зорьж буй гэж ажиглагчид үзэж байна.
Европ илүү их хариуцлага хүлээх шаардлагатай болж байна
АНУ-ын шинэ бодлогын хүрээнд Европын холбоотнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, өөрсдийн аюулгүй байдлын төлөө илүү их үүрэг хүлээх шаардлагатай гэсэн байр суурийг Вашингтон удаа дараа илэрхийлж ирсэн.
Трампын засаг захиргаа Европын орнууд АНУ-аас зэвсэг, цэргийн техник худалдан авахын зэрэгцээ өөрсдийн батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Цэргийн хүчийг "дахин байршуулна"
НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Каво Драгоне "АНУ Европ дахь зарим цэргийн хүч, техникээ бусад бүс нутаг руу стратегийн зорилгоор дахин байршуулж болзошгүй" гэж мэдэгдсэн байна.
The New York Times сонинд мэдээлснээр, эхний шатанд дараах өөрчлөлтүүдийг хийх боломжийг судалж байгаа аж. Үүнд:
- Европ дахь АНУ-ын сөнөөгч онгоцны тодорхой хэсгийг өөр бүсэд шилжүүлэх;
- Далайн тандалтын нисэх онгоцны тоог бууруулах;
- Нисэх онгоц тээгч цохилтын бүлэг, шумбагч онгоц болон зарим байлдааны хөлгийг дахин байрлуулах;
- Агаарын цэнэглэгч онгоц болон стратегийн бөмбөгдөгч хүчний хэсгийг бусад чиглэлд шилжүүлэх боломжийг үнэлэх зэрэг асуудал багтаж байна.
Шинжээчдийн үнэлгээ
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын энэхүү алхам нь Европ дахь цэргийн оролцоог бууруулах бус, дэлхийн аюулгүй байдлын өөрчлөгдөж буй нөхцөлд хүчээ илүү оновчтой хуваарилах стратегийн нэг хэсэг юм.
Үүний зэрэгцээ Европын орнууд батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь НАТО-гийн дотоод үүрэг, хариуцлагын шинэ тэнцвэрийг бий болгож магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI