ОХУ-ын Засгийн газар 2026 оны долдугаар сарын 8-наас 31-ний өдрийг дуустал дизель түлшний экспортыг бүрэн хориглох шийдвэр гаргажээ. Өмнө нь экспортын хязгаарлалт үйлчилж байсан ч нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хамаарахгүй байсан бол энэ удаад үйлдвэрлэгчдийг ч мөн хамруулсан байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак энэхүү шийдвэр нь дотоодын түлшний зах зээлийг тогтворжуулах зорилготой бөгөөд экспортын хориг нь дизель түлшээс гадна усан онгоцны түлш, газойльд мөн үйлчлэхийг мэдэгджээ. Харин олон улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд нийлүүлэх түлшинд уг хориг хамаарахгүй аж.
Новакын хэлснээр, Украины халдлагын улмаас нефть боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаа доголдож, бензин, дизель түлшний үйлдвэрлэл түр хугацаанд буурсан байна. Үүнийг даван туулахын тулд:
- нефть боловсруулах үйлдвэрүүдийг хамгийн өндөр ачааллаар ажиллуулж,
- нөөц түлшийг зах зээлд нийлүүлж,
- засвар үйлчилгээний хугацааг богиносгон,
- жижиг, дунд боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг ашиглаж,
- долдугаар сараас эхлэн гадаадаас нефтийн бүтээгдэхүүн импортлохоор болсон байна.
Гэвч дотоодын түлшний эрэлт өнгөрсөн оны мөн үеэс ойролцоогоор 30 хувиар өссөн бөгөөд нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр буй талаар албаныхан онцолжээ.
Түлшний хомсдол
Тавдугаар сарын сүүлээс эхэлсэн түлшний хомсдол ОХУ-ын 60 орчим бүс нутагт нөлөөлж, шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэх, зарим станц түлшгүйгээр үйл ажиллагаагаа зогсоох нөхцөл байдал бий болсон байна.
Хомсдолыг бууруулахын тулд ОХУ 2026 оныг дуустал экологийн шаардлага багатай "Евро-3" стандартын шатахууныг дахин худалдаалахыг зөвшөөрчээ. Мөн Энэтхэгээс бензин импортолж эхэлсэн бөгөөд Казахстан, Японтой түлш худалдан авах талаар хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW