АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт ОХУ-ын нийслэл Москвад болох боломжгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ талаар лхагва гарагт Туркийн Анкара хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ярьсан байна.
Трампын хэлснээр, тэрбээр өмнө нь Владимир Путинтэй ярилцах үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг хаана зохион байгуулах талаар асуухад Путин Москвад уулзах санал тавьжээ.
Трамп “Би түүнээс ‘Та хаана уулзахыг хүсэж байна вэ?’ гэж асуусан. Тэр ‘Хамгийн тохиромжтой газар бол Москва’ гэж хариулсан. Харин би ‘Уулзалт Москвад болохгүй. Тийм зүйл боломжгүй’ гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.
Дараа нь тэрбээр Путинд Москваг уулзалтын газар болгон сонгох боломжгүй шалтгааныг тайлбарлахдаа Украины Ерөнхийлөгч Зеленский ийм саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэнээ дурдсан байна.
Тэр “Би өөрийгөө Зеленскийн оронд тавьж бодсон. Тэр Москвад очих эсэхийг би мэдэхгүй. Магадгүй очиж ч болох юм” гэж хэлэхэд Зеленский “Тэнд Украины олон дрон байгаа болохоор хэцүү шүү” хэмээн хошигножээ.
Үүнд Трамп “Тийм ээ, Москвад очих нь таны хувьд амаргүй байх нь ойлгомжтой” гэж хариулсан байна.
“Путин, Зеленский нар удахгүй уулзана гэж найдаж байна”
Гэсэн ч Трамп хоёр улсын удирдагчид ойрын хугацаанд нүүр тулан уулзана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тэр “Юуны өмнө хүмүүс амь үрэгдсээр байна. Мөн энэ уулзалт хоёр улсын ирээдүйд чухал ач холбогдолтой. Тиймээс ийм уулзалт удахгүй болно гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.
“Энхийн хэлэлцээр олон хүний бодож байгаагаас ойрхон байна”
Трамп долдугаар сарын 6-нд Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч дайныг дуусгах сонирхолтой байгаа гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр “Ерөнхийлөгч Путин энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна” хэмээн онцлоод, уг ярианы дараа энхийн үйл явцын талаар илүү өөдрөг хүлээлттэй болсноо дурджээ.
Мөн Москва, Киевийн хооронд энхийн тохиролцоонд хүрэх боломж “олон хүний төсөөлж байгаагаас хавьгүй ойрхон” байгаа гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Трампын хэлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн адил дайныг эцэслэхийг хүсэж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ ахиц гаргах боломжтой хэвээр байгаа аж.
Эх сурвалж: DW