АНУ Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийн пуужинг дотооддоо үйлдвэрлэх лиценз олгохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 8-нд Туркийн Анкара хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа мэдэгджээ.

Трамп "Өнөөдөр бидний хэлэлцэх асуудлын нэг нь Украинд Patriot системийн пуужинг өөрсдөө үйлдвэрлэх эрх олгох явдал юм. Бид үүнийг хэрхэн үйлдвэрлэхийг тэдэнд зааж өгнө" гэж хэлсэн байна.

Трамп Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна

Цагаан ордны тэргүүн мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Трампын хэлснээр, Кремлийн тэргүүний дайныг зогсоох нөхцөлүүд байнга өөрчлөгдөж байгаа аж.

Тэрбээр АНУ Украины аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр ажиллаж буй бөгөөд "хүмүүсийн амь насыг аврахын төлөө" энэ бүхнийг хийж байгаагаа онцолжээ.

Украинд Patriot системийн пуужингийн хомсдол үүсжээ

Сүүлийн өдрүүдэд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон тус улсын удирдлагын бусад төлөөлөгчид, тэр дундаа Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч Юрий Игнат нар Patriot системийн пуужин баригч (интерсептор) пуужингийн нөөц огт хүрэлцэхгүй байгаа талаар анхааруулсаар байгаа аж.

Игнатын мэдээлснээр, энэхүү хомсдлын улмаас ОХУ долдугаар сарын 6-нд шилжих шөнө өргөн хүрээтэй пуужингийн довтолгоо хийх үеэр харвасан 29 баллистик пуужингийн нэгийг ч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чадаагүй байна.

Эх сурвалж: DW