НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Германы Канцлер Фридрих Мерц ОХУ-д Украин дахь дайныг зогсоохыг дахин уриалж, Анкара хотод болох уулзалтын үеэр Европын холбоотон орнууд Киевт үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцыг зарлахаар төлөвлөж байгааг сануулжээ.
Германы Канцлер Фридрих Мерц долдугаар сарын 7-ны мягмар гарагт Анкара хотыг зорихын өмнө хийсэн мэдэгдэлдээ ОХУ-д Украин дахь дайнаа дуусгахыг дахин уриалсан байна.
Тэрбээр "Бидний нийтлэг ойлголт бол энэ шийдвэр Москвагийн гарт байна" гэж мэдэгджээ.
Мерц мөн Германы санаачилгаар Анкара хотод болох НАТО-гийн уулзалтын үеэр гишүүн орнууд Украинд үзүүлэх нийт 140 тэрбум еврогийн хэмжээтэй шинэ цэргийн тусламжийн багцын талаар тохиролцохоор төлөвлөж буйг онцолсон байна.
Уг тусламжийг энэ болон ирэх онд хэрэгжүүлэхээр тооцож буй бөгөөд уулзалтын үеэр албан ёсоор зарлах төлөвтэй байгаа аж.
Германы Канцлер фронтын нөхцөл байдлын талаар ярихдаа "Кремль Орос улс энэ дайнд амжилтад хүрэхгүй, зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг ойлгох цаг болсон" гэжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ одоо ч "ноцтой аюул занал" хэвээр байгааг онцолж, "Москва НАТО-гийн шийдвэр зоригийг өдөр бүр кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуулын оролдлого болон зориудаар тарааж буй худал мэдээллээр шалгаж байна" гэж мэдэгджээ.
Мерц: Анкарагийн уулзалт НАТО-гийн хүч чадал, эв нэгдлийг харуулах ёстой
НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд долдугаар сарын 7-ны мягмар гарагт Анкара хотод болох дээд хэмжээний уулзалтад цугларчээ. Уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зочноор оролцож буй бөгөөд тэрбээр уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах төлөвтэй байгаа аж.
Анкарагийн уулзалтын гол хэлэлцэх асуудлын нэг нь НАТО-гийн батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх болон Украинд Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд нь дэмжлэг үзүүлэх асуудал аж. Гэхдээ уулзалтын хамгийн том асуулт нь АНУ-ын холбоотны үүрэг оролцоог хэвээр хадгалж чадах эсэх асуудал болж байна.
Өмнө нь Трамп НАТО-гийн зарим гишүүн орноос АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулсан дайны талаар гаргасан шүүмжлэлд эрс хариу өгч байсан.
Тэрбээр долдугаар сарын 7-нд Анкарад хүрэлцэн ирэхдээ Европын холбоотнууд Ираны эсрэг дайнд АНУ-ыг дэмжихээс татгалзсан гэж дахин шүүмжилжээ. Энэ үеэр тэрбээр Их Британи, Итали, Герман, Франц зэрэг орнуудыг дурдсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны тэргүүн Европын орнууд, тэр дундаа Германы батлан хамгаалахын зардлын түвшнийг "инээдтэй бага" гэж нэрлэсэн аж.
Мерц Трампын нэрийг шууд дурдаагүй ч Герман болон Европын бусад орнууд "асар их хүчин чармайлт гаргаж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр "Бид үүнийг өөрсдийн батлан хамгаалалт, аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай учраас хийж байна"
гэж хэлээд, Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Герман улс батлан хамгаалахын зардлаа аль хэдийн хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг онцолсон байна.
Мерц мөн Анкарагийн дээд хэмжээний уулзалт НАТО-гийн "хүч чадал болон эв нэгдлийг" харуулах болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: DW