Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Швейцарын Die Weltwoche хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж буй бүс нутгуудаас цэргээ гаргавал байлдааны ажиллагаа "дараагийн өдөр нь" зогсоно гэж мэдэгджээ.

Песковын хэлснээр, байлдааны ажиллагааг зогсоохын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай аж.

Тэрбээр "Украины цэргийг Донбасс болон одоо Оросын нутаг дэвсгэр гэж тооцогдож буй бүс нутгуудаас гаргаж, бодит нөхцөл байдлыг (де-факто) хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэвэл байлдааны ажиллагаа дараагийн өдөр нь зогсоно" гэж хэлжээ.

Өмнө нь Песков "Киев барууны орнуудаас улам олон төрлийн зэвсэг хүсэж байгаа нь ОХУ-ыг тусгай цэргийн ажиллагаагаа (спецопераци) зорилгодоо хүрэх хүртэл үргэлжлүүлэхэд саад болохгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AIF