Оросын цэргүүд долдугаар сарын 8-ны лхагва гарагт шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт дахин хосолсон (пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашигласан) цохилт өглөө. Тухайлбал, Киев болон Харьков хотуудад дэлбэрэлт болсон талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Виталий Кличко "Одоогийн байдлаар нийслэлд хоёр хүн шархадсан байна. Тэдний нэгийг эмнэлгийнхэн эмнэлэгт хүргэн хэвтүүлсэн" гэж Киев хотын дарга орон нутгийн цагаар 01:40-д Telegram сувагтаа бичжээ.

Үүний зэрэгцээ Киев хотын Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко "Киев хотын захад дайсны цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дронууд) ойртож байна" гэж мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Кличко Деснянскийн дүүрэгт пуужин туссаны улмаас агуулахын барилгад гал гарсан, мөн нийслэлийн баруун хэсэгт орших Святошинскийн дүүрэгт ашиглагдаагүй нэгэн барилгад гал түймэр гарсан тухай мэдээлжээ. Тэрээр мөн Оросын талаас баллистик пуужингийн довтолгоо үргэлжилж байгааг анхааруулсан байна.

Киев хотод агаарын түгшүүрийн дохио дуугарч байгаа бөгөөд Украины Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Telegram сувгаар хойд чиглэлээс Киев рүү хэд хэдэн баллистик пуужин харвасан болохыг баталжээ.

Харьковт барилга байгууламж эвдэрч, хүмүүс шархаджээ

"20 гаруй хувийн орон сууц, сүмийн цонхны шил, гудамжны гэрэлтүүлгийн сүлжээ болон таван автомашин эвдэрсэн. Урьдчилсан мэдээллээр хоёр хүн шархадсан байна" гэж Харьков хотын дарга Игорь Терехов орон нутгийн цагаар 02:30 орчимд мэдэгджээ.

Үүнээс өмнө тэрээр хотын зүүн хэсэгт байрлах Немышлянскийн дүүрэгт пуужин туссан талаар мэдээлсэн байна.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэдээлснээр, Оросын шөнийн довтолгоо Харьков, Киев болон Украины төв болон зүүн бүс нутгуудыг хамран үргэлжилж байна.

Эх сурвалж: DW