Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй яаралтай тусламж шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нийлүүлэлтийн талаар хэлэлцжээ. Энэ талаар Зеленскийн Telegram хаягаараа долдугаар сарын 7-нд мэдээлсэн байна.
Украины төрийн тэргүүн Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн форумд оролцож, үг хэлжээ. Тус форум долдугаар сарын 7, 8-нд болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх арга хэмжээ аж.
Зеленский “Украины хотууд болон суурин газруудад Оросын хийсэн халдлагын үр дагаврын талаар Маркт мэдээлэл өглөө” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “НАТО-гийн орнуудын PURL хөтөлбөрт оруулах нэмэлт хувь нэмэр, мөн "Пуужингийн довтолгооноос хамгаалах эвсэл байгуулах хүчин чармайлтын талаар тусгайлан ярилцлаа” гэжээ.
Европ өөрийн пуужингийн хамгаалалтын үйлдвэрлэлийн чадавхтай болох шаардлагатай
Уулзалтын үеэр Украин болон НАТО-гийн орнуудын хооронд зэвсгийн хамтарсан үйлдвэрлэл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Зеленский “Европт өөрийн гэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон түүнд зориулсан пуужин үйлдвэрлэх чадвар яаралтай хэрэгтэй байна” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, одоогийн байдлаар Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн үйлдвэрлэлийн хүчин чадал өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй буй бөгөөд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.
Мөн Украины Ерөнхийлөгч Америкийн талтай эдгээр цогцолборыг үйлдвэрлэх лиценз авах боломжийн талаар хэлэлцсэнээ мэдэгдсэн байна.
Украин НАТО-д элсэх байр сууриа дахин илэрхийлжээ
Анкара дахь форумын үеэр Зеленский Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг идэвхтэй дэмжиж байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр:“Украинтай хамт байгаа НАТО бол ирээдүйн эвсэл юм” хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах ёстой гэсэн байр суурийг өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байсан талаар Германы dpa агентлаг мэдээлжээ.
Рютте: Атлантын далай дамнасан батлан хамгаалах үйлдвэрлэлд “хувьсгал” хэрэгтэй
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Орос, Хятад, Умард Солонгосоос үүдэж буй аюул заналын нөхцөлд Атлантын далай дамнасан батлан хамгаалах үйлдвэрлэлд “хувьсгалт өөрчлөлт” хийх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр дараах арга хэмжээнүүдийг онцолжээ. Үүнд:
- батлан хамгаалах салбарын урт хугацааны захиалгыг нэмэгдүүлэх;
- хөрөнгө оруулалтыг өсгөх;
- үйлдвэрлэлийн явц дахь хүнд суртлыг бууруулах.
Рютте мөн батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар илүү их эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстойг онцолсон байна. Тэрбээр салбарын төлөөлөгчдөд хандан “Эрэлт хэрэгцээ байна. Та бүхэн үүнийг мэдэж байгаа” хэмээн хэлжээ.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Анкарад болж байна
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт долдугаар сарын 7, 8-нд Туркийн Анкара хотод болж байна. Уулзалтад НАТО-гийн гишүүн 32 орны удирдагчид оролцож буйн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Фридрих Мерц нар багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: DW