2026 оны эхний хагас жилийн байдлаар гаалийн байгууллага улсын хэмжээнд нийт 2,047 хэрэг, зөрчлийг илрүүлж, хууль журмын дагуу шийдвэрлээд байна. Үүнээс 52 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгааг албан хаагчид ур чадвар гарган илрүүлжээ.
Тухайлбал, АНУ, Англи, БНТУ, ОХУ, ХБНГУ-аас чиглэлтэй 6 төрлийн химийн болон байгалийн гаралтай нийт 2 кг 190.2 грамм мансууруулах бодис, мөн 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 12 удаагийн үйлдлийг таслан зогсоожээ.
Мөн Монгол Улсаас БНХАУ руу 1.6 кг алт, БНТУ-аас чиглэлтэй 12.2 килограмм алтан эдлэлийг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлж, цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.
Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг Гаалийн ерөнхий газар онцлон анхааруулж байна.
Иймд гадаадаас эм, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн авч ирэх иргэд зөвхөн хувийн хэрэглээний хэмжээнд, шаардлагатай тохиолдолд эмчийн жор, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хууль тогтоомж, гаалийн шаардлагыг мөрдөж хилээр нэвтрүүлэхийг сануулж байна.
Нийт хэрэг, зөрчлийн 83.5 хувь нь орох, 16.5 хувь нь гарах чиглэлд бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлд суурилсан онилгоо, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна.
Нийт хэрэг, зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийх зөрчил, 23.5 хувийг тарифийн болон тарифийн бус хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна.
2. АЛБАН ХААГЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ТОМИЛГОО
2026 оны хагас жилийн байдлаар Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуульд заасны дагуу нийт 83 албан хаагчийг ажлын байрны шаардлага, зохион байгуулалтын өөрчлөлт, чадавхжуулах бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн газар, хороодын хооронд шилжүүлэн томилжээ.
Үүний 26 нь Замын-Үүдийн гаалийн газарт хийгдсэн байна. Шилжилт, томилгоо нь гаалийн байгууллагын үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, боомт, гаалийн газруудын ачааллыг тооцож хүний нөөцийг зохистой хуваарилах зорилготой юм.
3. АЛБАН ХААГЧДЫН САХИЛГА ХАРИУЦЛАГАД ХИЙСЭН ХЯНАЛТ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
2026 оны хагас жилийн байдлаар Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан нийт 91 албан хаагч байгаагаас 6 нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож арга хэмжээ авагдсан байна.
Тодруулбал, гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 26 (хагас жилд авсан хамгийн олон тохиолдол), эрхийг нь бүрмөсөн хассан 1, сануулах хэлбэрийн шийтгэл ногдуулсан 29 зэрэг дэвийг 3 сараас 1 жилийн хугацаагаар бууруулсан 8, албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан 20, албан тушаал бууруулсан 4, гаалийн албанаас халсан 3 албан хаагч тус тус байна.
Гаалийн ерөнхий газраас цаашид ч албан хаагчдын сахилга, ёс зүйн түвшинг өндөрсгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгасан асуудал бүрт хуулийн хугацаанд, шударгаар хариуцлага тооцох бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.
Эх сурвалж: ГЕГ