Оросын арми Украины хотуудад дахин өргөн цар хүрээтэй цохилт өгсөн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "дайныг дуусгахыг хүсэж байгаа" гэж мэдэгджээ.

Цагаан ордонд даваа гараг (2026.07.06)-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Трамп саяхан Путинтэй утсаар ярьсан тухайгаа дурдсан аж.

Тэрбээр "Энэ ярианы дараа надад өөдрөгөөр харах үндэслэл бий болсон" хэмээн хэлээд, Украины дайныг зогсоох хүчин чармайлтад ахиц гарна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Трамп "Ерөнхийлөгч Путин энэ бүхнийг дуусгахыг хүсэж байна. Үүнийг би бүрэн итгэлтэйгээр хэлж чадна" гэж онцлон хэлээд, Москва, Киев хоёрын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдах нь "олон хүний бодож байгаагаас ч хавьгүй ойрхон" буйг тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч дайныг дуусгахыг хүсэж байна" гэж мэдэгджээ.

Цагаан ордны тэргүүн цааш нь хэлэхдээ, Украин дахь дайныг зогсоох асуудлыг НАТО-гийн удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн аж.

Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, Трамп лхагва гарагт дээд хэмжээний уулзалтын хүрээнд Зеленскийтэй уулзаж, үүний дараа Путинтэй дахин утсаар холбоо барихаар төлөвлөжээ.

Financial Times: Орос 2027 он хүртэл бодит энхийн хэлэлцээнд оролцох бодолгүй байна

Financial Times (FT) сонины Москвад байрлах эх сурвалжуудын мэдээлснээр, ОХУ 2027 оны хоёрдугаар сар хүртэл Украины дайныг зогсоох талаар бодитой, үр дүнтэй энхийн хэлэлцээнд оролцох магадлал тун бага байгаа аж.

Путинтэй ойр харилцаатай эх сурвалжуудын ярьснаар, ийм хугацаа нь Путин Донецк мужийн үлдсэн хэсгийг 2026 оны эцэс гэхэд бүрэн эзлэн авах үүрэг өгсөнтэй холбоотой байж магадгүй аж.

Украины өндөр албан тушаалтнууд FT-д "Өмнө нь болсон энхийн хэлэлцээний үеэр Оросын төлөөлөгчид Америкийн зуучлагчдад "АНУ Украинд томоохон хэмжээний буулт хийхийг зөвшөөрүүлэх ёстой" гэсэн байр сууриа илэрхийлж байсан" гэж мэдээлжээ.

Тэдний үзэж буйгаар, АНУ, Орос, Украины оролцоотой гурван талт хэлэлцээ энэ зуныг дуустал дахин эхлэх магадлал маш бага аж. FT-ийн Москвад байгаа эх сурвалж мөн Кремль Украины талаас буулт хийхийг хүлээсээр байгааг баталжээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар оросуудын хувьд хамгийн хүсүүштэй хувилбар нь америкчууд Украиныг өөрсдөд нь бараг 'бэлэглэж өгөх' явдал хэвээр байна. Тэд өөрсдөө ямар нэгэн буулт хийх талаар огтхон ч дохио өгдөггүй. Харин ч өмнөх зорилгуудаа дахин дахин давтаж байна. Тэдний хэлэлцээний өнөөгийн байр суурь үнэндээ бодит хэлэлцээ эхлүүлэх ямар ч үндэсгүй гэсэн үг" хэмээн FT эш татан бичжээ.

Эх сурвалж: DW