БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Турк улсад өнөөдөр (2026.07.07) болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа долдугаар сарын 9-нд Монгол Улсад хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар гурван өдрийн төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна.
Олон улсын ажиглагчид "Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг зөвхөн уламжлалт эдийн засгийн хүрээнээс давуулан, стратегийн түвшний хамтын ажиллагаанд шилжүүлэх чухал алхам" гэж дүгнэж буй юм.
Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны дээд хэмжээний уулзалт хийж, хоёр талын харилцааны цаашдын чиглэлийг тодорхойлох хамтарсан тунхаглал гаргах нь. Үүний зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтэц болон эрчим хүчний салбарыг хамарсан хэд хэдэн харилцан ойлголцлын санамж бичиг (MoU)-т гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн мэдээлснээр, Сөүл хот Монгол Улсыг бүс нутгийн хувьд улам бүр чухал ач холбогдолтой түнш гэж үзэж байгаа аж. Энэ үнэлгээнд хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлж буй юм байна.
Нэгдүгээрт, Монгол Улс зэс, нүүрс, уран болон газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын арвин нөөцтэй. Эдгээр нь дэлхийн өндөр технологи, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний салбарын гол түүхий эд болж буй.
Иймд Монголын нөөц Ази-Номхон далайн бүсийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Хоёрдугаарт, Монгол Улс Хойд Солонгостой харьцангуй тогтвортой, уламжлалт дипломат харилцаатай орон тул Солонгосын хойгийн энх тайвны үйл явц болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд зуучлагч, тэнцвэржүүлэгч үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн үнэлж буй юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, энэхүү айлчлал нь БНСУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегиийн хүрээнд бүс нутгийн түншлэлээ өргөжүүлэх бодлоготой уялдаж байгаа бөгөөд Монгол Улсыг зөвхөн эдийн засгийн түнш бус, харин стратегийн геополитикийн чухал оролцогч гэж үзэх хандлага улам бүр нэмэгдэж байгаа аж.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа, ялангуяа Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, Солонгосын технологи болон хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж буй нь энэ айлчлалын суурь нөхцөлийг бүрдүүлж байна гэж шинжээчид онцолж байна.
Үүнээс гадна хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хүний нөөцийн солилцоо болон дижитал шилжилтийн чиглэлүүд ч өргөжин тэлж, Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалт, компаниудын оролцоо нэмэгдэх хандлагатай байгаа нь ажиглагдаж байгаа ажээ.
Ийнхүү удахгүй болох энэхүү төрийн айлчлал нь Монгол-БНСУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах төдийгүй бүс нутгийн геополитик, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээх чухал үйл явдал болох төлөвтэй байна.
Эх сурвалж: REUTERS, YONHAP