Дэлхийн Банк Групп Монгол дахь Суурин төлөөлөгчөөрөө Викториа Делмоныг томилсон байна. Суурин төлөөлөгч нь төр, хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгийг улам сайжруулах хүрээнд Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийг Монгол Улсад нэгдсэн удирдлагаар хангах аж.
Улаанбаатар хотод суурин ажиллах хатагтай Делмон Дэлхийн Банк Группийн Монгол дахь үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хөрөнгө оруулалт татах, илүү олон бөгөөд илүү сайн ажлыг байр бий болгох чиглэлээр улс орны хүчин чармайлтыг дэмжин ажиллах юм байна.
Викториа Делмон "Байгалийн арвин нөөц баялагтаа түшиглэн Монгол Улс хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалт татах, илүү төрөлжсөн, цочролыг сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийг цогцлоох боломжтой" хэмээн хэлжээ.
Тэрбээр “Дэлхийн Банк Групп Засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлт, ажлын байр болон урт хугацааны хөгжилд хөтлөх шинэчлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн мөн онцолсон байна.
Их Британийн иргэн, хатагтай Делмон Африк, Зүүн Европ, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан дэд бүтцийн санхүүжилт, компанийн нэгдэл, худалдан авалт, дэд бүтцийн төслүүдийн бүтэц, бодлогын шинэчлэлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай.
Тэрбээр анх 2006 онд Дэлхийн Банканд Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгчийн харъяа газарт хуулийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдсон бөгөөд дараа нь Усны асуудал хариуцсан газарт ажиллаж байжээ.
Викториа Делмон 2020 онд Олон улсын санхүүгийн корпорацийн Сингапурт байрладаг Ази, Номхон далайн бүсийн Дэд бүтцийн газарт Хөрөнгө оруулалт хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ хариуцсан менежерээр шилжин ажилласан байна.
Улмаар хөрөнгө оруулалт хөгжүүлэх, зах зээл бий болгох, банкны санхүүжилт татах боломжтой дэд бүтцийн төслүүдийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн багийг удирдан ажилласан бөгөөд үүнд Монгол Улсын хэд хэдэн төсөл багтжээ.
Хатагтай Делмон Лондон дахь "Freshfields Bruckhaus Deringer" хуулийн фирмээс ажлын гараагаа эхлүүлж, дараа нь "Veolia Environnement" нийтийн үйлчилгээний компанид олон улсын хуульчаар ажилласан аж.
Тэрбээр “Олон улсын төслийн санхүүжилт ба төр хувийн хэвшлийн түншлэл” номыг хамтран редакторлаж, дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, урамшуулалд суурилсан зохицуулалт ба бизнесийн санхүүжилтийн талаар хамтарсан бүтээлүүд мөн нийтлүүлжээ.
Тэрбээр Оксфордын их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан. байна.
Эх сурвалж: WORLD BANK