Украины Ерөнхий сайд асан Николай Азаров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "Украины нутаг дэвсгэрт ОХУ-ын Зэвсэгт хүчний явуулсан сүүлийн томоохон цохилт нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Орос улс 'Украины Барууны дэмжлэгтэйгээр өөрийн нутаг дэвсгэрт үйлдэж буй халдлага'-ыг хариугүй орхихгүй гэдгээ харуулсан үйлдэл болсон" гэж мэдэгджээ.

Тэрбээр "Объектив талаас нь авч үзвэл, Барууны зөвлөхүүдийн удирдлага дор Крым болон Оросын бусад бүс нутгийн эрчим хүчний хангамжийн системүүд, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний дараа Орос улс хөндлөнгөөс ажиглаад суух боломжгүй. Ийм нөхцөлд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид энхийн хэлэлцээг эхлүүлэх цаг болсон юм биш биз гэсэн асуудлыг хөндөж магадгүй" хэмээн онцолжээ.

Гэсэн хэдий ч Азаровын үзэж буйгаар, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Оростой хийх дайны ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжигч орнууд дийлэнх нь хүсэх нь тодорхой тул уулзалтын шийдвэр ч энэ чиглэлд гарах магадлал өндөр аж.

Тэрбээр "Энэ уулзалт хэрхэн өрнөх нь бараг тодорхой. Ихэнх оролцогчид цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа учраас эцсийн шийдвэр ч ийм байх болов уу" гэж хэлжээ.

Мөн Азаров "Оросын цохилт Украины цэргийн хүчин чадалд ямар хэмжээний нөлөө үзүүлснийг одоогоор үнэлэх боломжгүй" гэж тэмдэглэсэн байна. Учир нь, сүйрэл, эвдрэлийн бодит хэмжээний талаарх нарийвчилсан мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа аж.

Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Киевийн хийсэн халдлагын хариуд Оросын Зэвсэгт хүчин шөнийн цагаар Украины нутаг дэвсгэрт өргөн хүрээтэй цохилт өгсөн байна. Тус яамны мэдээлснээр, уг ажиллагааны үеэр Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд, Киев хот болон Киев мужийн эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд, мөн Днепропетровск, Киев, Полтав, Черкас, Чернигов мужууд дахь цэргийн нисэх буудлуудын дэд бүтэц гол бай болжээ.

Оросын Батлан хамгаалах яам "Мөн Украины аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой "Квант", "Визар", "Буревестник" үйлдвэрүүдэд цохилт өгсөн" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ТАСС