БНХАУ, ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ сард "Тэнгисийн хамтын ажиллагаа-2026" нэртэй хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтыг Шар тэнгист зохион байгуулахаар болсон талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам долдугаар сарын 5-нд мэдэгджээ.

Хятадын Батлан хамгаалах яам сургуулилалтын яг хэзээ эхлэх болон оролцох цэргийн алба хаагч, техник хэрэгслийн тоог одоогийн байдлаар мэдээлээгүй байна.

Чиндао хотын ойролцоо зохион байгуулна

Хамтарсан сургуулилалт нь Чиндао хотын ойролцоох далайн болон агаарын бүсэд болох бөгөөд сургуулилалт өндөрлөсний дараа хоёр улсын тэнгисийн цэргийн хүчний зарим нэгж Номхон далайн тодорхой бүсэд хамтарсан эргүүл хийхээр төлөвлөжээ.

Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлдээ "Энэхүү ажиллагаа нь хоёр улсын зэвсэгт хүчний жил бүр хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын сорилтуудыг хамтран даван туулах, энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой" гэж онцолсон байна.

Ямар хөлгүүд оролцох вэ?

Туркийн Anadolu агентлагийн мэдээлснээр, Чиндао боомтод сургуулилалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Оросын тэнгисийн цэргийн хүчнийг угтан авах ёслол хэдийнэ болсон байна.

Оросын талаас "Варяг" пуужингийн крейсер, "Резкий" фрегат, "Уфа" шумбагч онгоц, "Игорь Белоусов" аврах хөлгүүд оролцох аж.

Харин Хятадын талаас "Кайфэн", "Аньшань" эсминцүүд, "Уху" фрегат, "Кикэсили" хангалтын хөлөг, "Янцзянху" шумбагч онгоцны аврах хөлгүүд, мөн усан онгоцонд суурилсан нисдэг тэргүүдийг ашиглахаар төлөвлөжээ.

Европын Холбоо: Хятад Оросын цэргүүдийг нууцаар сургасан

Тавдугаар сард Европын Холбооны өндөр албан тушаалтан нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр 2025 оны сүүлээр Хятадын зэвсэгт хүчин өөрийн нутаг дэвсгэрийн хэд хэдэн газарт Оросын 200 орчим цэргийн алба хаагчийг нууцаар сургасан гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, сургалтад хамрагдсан зарим цэргийг дараа нь Украин дахь дайн руу шууд илгээсэн нь өмнө нь Хятадын тал Европын Холбоонд өгч байсан мэдээллээс өөр агуулгатай байжээ. Мөн тэрбээр уг мэдээллийг Европын Холбооны тусгай албад баталгаажуулсанаа онцолсон байна. Харин БНХАУ энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй аж.

Өнгөрсөн жилийн хамтарсан сургуулилалт

Орос, Хятадын "Тэнгисийн хамтын ажиллагаа-2025" сургуулилалт өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Япон тэнгист болсон. Сургуулилалтын практик ажиллагааны үеэр хоёр улсын тэнгисийн цэргийн хүчнүүд далайд эрэн хайх, аврах ажиллагааг хамтран гүйцэтгэх, шумбагч онгоцтой тэмцэх ажиллагаа, агаарын довтолгооноос хамгаалах тактикийн бэлтгэл, мөн Номхон далайн флотын сургалтын бүсэд хамтарсан их бууны буудлагын дадлага зэрэг ажиллагааг хийсэн талаар ОХУ-ын ТАСС агентлаг тухайн үед мэдээлж байв.

Эх сурвалж: DW