ОХУ-ын зэвсэгт хүчин долдугаар сарын 5-ны ням гаргийн өдөр болон орой Украины хэд хэдэн бүс нутагт агаарын бөмбөг, пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Запорожье мужийн Цэргийн захиргааны тэргүүн Иван Федоров өөрийн Telegram хуудсаар дамжуулан "Хамгийн хүчтэй халдлагын нэг нь Запорожье хотод болж, ОХУ хоёр удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт өгсөн" гэж мэдээлжээ.

Халдлагын улмаас хувийн орон сууцууд бүрэн сүйдэж, олон давхар орон сууцны 35 айлын орон гэр эвдэрч гэмтсэн байна. Мөн нэг хүн амиа алдаж, 13 хүн тархи доргилт болон хэлтэрхийн шарх авсны дотор 14 настай өсвөр насны хүүхэд, 89 настай өндөр настан байгаа аж. Запорожье муж даяар оройн 20:58 цаг хүртэл дроны халдлагын аюулын сэрэмжлүүлэг хүчинтэй байжээ.

Херсон, Черниговт мөн халдлага болов

Херсон хотод өглөө эрт болсон халдлагын улмаас хоёр хүн шархаджээ. Херсон мужийн Цэргийн захиргаа "Тэдний нэг болох 44 настай эрэгтэй тэсрэлтийн улмаас хүнд гэмтэж, гартаа хэлтэрхийн шарх авсан" гэж  мэдээлсэн байна.

Мөн Чернигов мужид болсон өдрийн цохилтын үеэр логистикийн "Новая почта" компанийн илгээмж ангилан боловсруулах төв бүрэн сүйдсэн талаар тус компани мэдэгджээ.

Харьков мужид гурван хүн амь үрэгдэв

Харьков мужийн Цэргийн захиргааны дарга Олег Синегубов "Богодухов хотод болсон цохилтын улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр оршин суугч шархадсан" гэж мэдээлсэн байна. Мөн Изюм хотод пуужингийн цохилт болсны улмаас нэг хүн нас барж, гурван эмэгтэй шархадан эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн шатахуун түгээх станцын барилга нурж, таван автомашин эвдэрчээ.

Харьков хот мөн өдөр хоёр удаа халдлагад өртсөн байна. Эхний удаа нисгэгчгүй онгоц шатахуун түгээх станцыг онилсон бол удалгүй дахин цохилт өгчээ. Эдгээр халдлагын улмаас гурван эмэгтэй, нэг эрэгтэй болон 18 настай нэгэн охин шархдаж, бүгд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Зеленский шинэ томоохон халдлагын эрсдэлийг анхааруулав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн өдөр, орой тус улсын тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэн ОХУ ойрын хугацаанд дахин өргөн цар хүрээтэй пуужин, дроны довтолгоо хийх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.

Тэрбээр өмнө нь долдугаар сарын 2-ны шөнө ийм төрлийн халдлага болохыг сэрэмжлүүлснээс хэдхэн цагийн дараа Киев хот дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй агаарын довтолгоонд өртсөн байна. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, уг халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 102 хүн шархаджээ.

Шатахуун түгээх станцуудад халдах эрсдэл нэмэгджээ

Үүнээс гадна Сумы мужийн Цэргийн захиргааны дарга Олег Григоров "Шатахуун түгээх станцуудыг онилох халдлага гарч болзошгүй" гэж сэрэмжлүүлжээ.

Тэрбээр энэхүү аюул зөвхөн Сумы мужид бус Украины бусад хэд хэдэн бүс нутагт ч бодитой байгаа гэж мэдэгдээд, иргэдийг шаардлагагүй тохиолдолд шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй байх, мөн тэдгээрийн орчимд удаан хугацаагаар саатахгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: DW