Венесуэл улсад зургадугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө дараалан болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2954 болж, 16,592 хүн гэмтэж бэртжээ.

Тус улсын парламентын дарга Хорхе Родригес долдугаар сарын 4-нд мэдээлэхдээ "Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч арван хоног өнгөрсөн ч олон арван мянган хүн ор сураггүй хэвээр байна" гэж мэдэгдсэн байна.

Олон улсын аврах багууд нуранги дор эрэн хайх ажиллагаагаа аажмаар дуусгаж буй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, газар хөдлөлтийн дараах нуранги дороос амьд хүн аврах хамгийн чухал хугацаа ихэвчлэн эхний 72 цаг байдаг юм байна.

Гэрчүүдийн ярьснаар, газар хөдлөлтийн дараах эхний хэдэн цагт аврагчид ирэхээс өмнө олон хүн нурангийг өөрсдийн хүчээр ухаж, гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хайхаас өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарчээ.

Хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг

Зургадугаар сарын 24-нд Венесуэлийн хойд хэсэгт, нийслэл Каракас хотоос баруун зүгт ердөө 39 секундын зайтай 7.2 болон 7.5 магнитудын хоёр хүчтэй газар хөдлөлт болсон.

Энэ нь Венесуэлд сүүлийн 125 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй юм. Үүний дараа олон арван удаагийн чичирхийлэл (афтершок) үргэлжилж, олон тооны орон сууц, барилга байгууламж нуржээ.

Ла-Гуайра мужид хамгийн их хохирол учирсан бөгөөд тус бүсэд Венесуэлийн олон улсын гол нисэх буудал болон хамгийн том далайн боомт байрладаг байна.

Энэхүү гамшгийн улмаас Венесуэлийн Засгийн газар онц байдал зарлаж, улс орон даяар долоо хоногийн үндэсний гашуудал зарласан билээ.

Мөн АНУ-ын Цунамигаас сэрэмжлүүлэх үндэсний төвийн үнэлгээгээр энэ үзэгдэл "сейсмийн давхар цохилт" (seismic doublet) буюу нэг ижил хагарлын бүсэд маш богино хугацааны зайтай, өндөр магнитудын хоёр хүчтэй газар хөдлөлт дараалан болдог ховор үзэгдэлд тооцогдож байга аж.

Эх сурвалж: DW