Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын дээд удирдагч агсан Аятолла Али Хаменейг үдэх төрийн хэмжээний оршуулгын ёслол өнөөдөр (2026 оны долдугаар сарын 4) нийслэл Тегеран хотноо эхэллээ. Долоо хоног үргэлжлэх энэхүү ёслолд Ираны өнцөг булан бүрээс ирсэн сая сая иргэн оролцож, удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэж байна.

Аятолла Али Хаменей өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилтын үеэр амь үрэгдсэн. Түүний нас барсан нь Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдлыг эрс хурцатгасан билээ.

Түүний шарилыг Тегеран хотын Имам Хомейнигийн Гранд Мосалла цогцолборт Ираны төрийн далбаагаар бүтээн, олон нийтэд хүндэтгэл үзүүлэхээр байрлуулжээ. Хар хувцас өмссөн олон мянган хүн Коран судар уншиж, уламжлалт гашуудлын зан үйл үйлдэн, удирдагчдаа сүүлчийн хүндэтгэлээ илэрхийлж байна.

Ёслолын үеэр цугласан иргэд "Өшөө авна", "Америкт үхэл", "Израильд үхэл", "Өшөө авсан цагт л бид тайвширна" зэрэг уриа хашгирч, Ираны төрийн болон шашны бэлгэдлийг барин жагсжээ. Олон улсын хэвлэлүүд энэхүү гашуудлын арга хэмжээ зөвхөн оршуулгын ёслол бус, улс төрийн эв нэгдэл, эсэргүүцлийн илэрхийлэл болж буйг онцолж байна.

Онцлох нь, оршуулгын ёслол АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойтой нэг өдөр давхацсан нь олон улсын анхаарлыг татаж буй юм. Зарим шинжээч, хэвлэлүүд, энэ нь санамсаргүй давхцал бус, улс төр, бэлгэдлийн утга агуулсан сонголт байж болзошгүй хэмээн дүгнэж байна.

Тегераны төв хэсэгт олон сая хүн хуран цугларсантай холбогдуулан аюулгүй байдлын арга хэмжээг дээд хэмжээнд хүргэж, автомат зэвсэгтэй цэргийн хүчнийг хамгаалалтад гаргажээ.  Үүний зэрэгцээ агаарын хэт халалтаас сэргийлэх зорилгоор иргэдийг сэрүүцүүлэх усан шүршигчүүд ажиллуулж, эмнэлгийн болон онцгой байдлын багуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж байна.

Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр оршуулгын ажиллагаа Тегеранаас гадна ариун хотууд болох Кум, Мешхед болон Иракт үргэлжлэх бөгөөд эцэст нь Аятолла Али Хаменейг төрөлх хот Мешхедэд нь нутаглуулахаар төлөвлөжээ. Ёслолд 30 орчим улсын албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь Ираны сүүлийн хэдэн арван жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй төрийн оршуулгын нэгээр нэрлэгдэж байна.

Эх сурвалж: AP, REUTERS, AL JAZEERA, ANADOLU