Европын холбооны Зөвлөл химийн зэвсэг боловсруулах үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн зургаан орос иргэнд хориг арга хэмжээ авчээ. Эдгээрт эпибатидин хэмээх хорт бодистой холбоотой хүмүүс багтсан бөгөөд Европын шинжээчид 'энэ бодисоор Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг шоронд хордуулсан байж болзошгүй] гэж үзэж байгаа аж.

ЕХ-ны Зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоригт орсон хүмүүс нь цэргийн салбарт ажилладаг эрдэмтэд болон судлаачид юм байна. Хоригт багтсан хүмүүсийн дунд Оросын “Сигнал” нэртэй Москва дахь шинжлэх ухааны төвийн ажилтнууд бий аж.

Эл төвийг хэвлэл мэдээллүүд химийн зэвсэг боловсруулах ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж өмнө нь мэдээлж байжээ. 2020 онд Навальныйг “Новичок”-оор хордуулсан хэрэгтэй холбоотой гэж таамагладаг. Тухайлбал, “Сигнал” төвийн судалгааны багийн ахлагч Игорь Бабкин хоригт оржээ.

Мөн хоригт багтсан хүмүүсийн дунд ОХУ-ын Органик химийн болон технологийн судалгааны институтын химийн шинжээч Ирина Деревягина, Цацраг, химийн болон биологийн хамгаалалтын цэргийн академийн шинжлэх ухааны ажлын зохион байгуулалт, багш бэлтгэлийн хэлтсийн дарга Михаил Гуцалюк нарт бий аж.

ЕХ-ноос мэдээлснээр, дээрх байгууллагууд нь Оросын химийн зэвсэг боловсруулах хөтөлбөрийн “гол бүрэлдэхүүн хэсэг” гэж үзэж байгаа аж. Ийнхүү Европын Холбооны химийн зэвсэг боловсруулах болон түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой хориг арга хэмжээ нийт 31 хүн болон 6 байгууллагад үйлчилж буй юм байна.

Эдгээр хоригийн хүрээнд хөрөнгө царцаах, санхүүжилт олгохыг хориглох, ЕХ-ны улс орнуудад зорчихыг хориглох зэрэг арга хэмжээ багтаажээ.

Алексей Навальныйн хэрэг ба үхэл

Алексей Навальный 2020 оны наймдугаар сард Томск-Москва чиглэлийн нислэгийн үеэр ухаан алдаж, онгоцыг яаралтай Омск хотод буулгаж, түүнд анхны тусламж үзүүлсэн. Дараа нь түүнийг Берлин хотын “Шарите” эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийжээ.

Германы зэвсэгт хүчний тусгай лабораторийн хор судлалын шинжилгээгээр түүний биед “Новичок” бүлгийн мэдрэлийн хор бодисын ул мөр илэрсэн байна. Үүнтэй төстэй дүгнэлтийг Швед, Францын лабораториуд болон Химийн зэвсгийг хориглох байгууллага (ОЗХО) тус тус гаргажээ.

2021 оны нэгдүгээр сард Навальныйг Орост буцан ирэхэд нь баривчилж, олон жилийн ял оноосон. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн гол өрсөлдөгчдийн нэгд тооцогддог байсан.

2024 оны хоёрдугаар сарын 16-нд Навальный Сибирийн нэгэн хорих ангид ял эдэлж байх үедээ гэнэт нас барсан. 2026 оны хоёрдугаар сард Европын таван улс түүнийг “өндөр магадлалтайгаар” эпибатидин хэмээх ховор хорт бодисоор хорлогдсон байж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ бодис нь Эквадорын модонд амьдардаг суман мэлхийн арьснаас гарган авдаг ховор хор аж.

Европын шинжээчид "Навальный нас барсны дараа түүний ар гэрийнхэн Европ руу авчирсан биологийн дээжүүдийг шинжилсний үндсэн дээр дээрх дүгнэлтэд бие даан хүрсэн" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW