Ираны Гадаад хэргийн сайд Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удахгүй Хятадын нийслэлд очихын өмнөхөн айлчлав. Энэ нь Хятад улс АНУ-Ираны зөрчилдөөнд энхийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадах уу гэсэн гол асуултыг дахин анхаарлын төвд орууллаа.

Бүтэлгүй, тогтворгүй гал зогсоолт болон үе үеийн дипломат оролдлогууд нь дэлхийн эдийн засгийг ч ганхуулах эрсдэлтэй энэ дайныг бүрэн зогсоож чадаагүй хэвээр байгаа тул Тегеран ч, Вашингтон ч аль аль нь энэ мухардлаас гарах гарц хайж байна.

Энэ нөхцөлд Хятад улс онолын хувьд энхийн зуучлагч болох хамгийн боломжит оролцогчдын нэгд тооцогдож буй. Учир нь, Бээжин Ирантай олон жилийн турш ойр дотно дипломат болон эдийн засгийн харилцаатай, ялангуяа АНУ-тай үүссэн зөрчилдөөн болон хямд газрын тосны хэрэгцээ дээр тулгуурласан холбоотой. 

Мөн АНУ-тай шууд харилцах сувгийг хадгалж, Трамп удахгүй болох Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийх уулзалтаар дамжуулан энэ асуудлыг хэлэлцэх боломжтой юм. Ийм цаг хугацааны давхцал нь Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчиг Бээжинд очих шалтгаан болсон байж болох.

Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэрээ Бээжин “олон улсын энх тайван, аюулгүй байдлыг зөрчих үйлдлээс сэргийлэхэд” тусална гэсэн өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн талаар Ираны тал мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн Хятад улс Ираныг Ормузын хоолойг хаах шахалтаа зөөлрүүлэхэд нөлөөлнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Хятадын тал ч сүүлийн хэдэн долоо хоногт гал зогсоох уриалга гаргаж, Ши Жиньпин өнгөрсөн сард Ойрхи Дорнодын энхийн асуудлаар дөрвөн зүйл бүхий ерөнхий санал дэвшүүлсэн нь Бээжин өөрийгөө боломжит зуучлагч болгон харуулж буй явдал аж.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мөн Арагчитай уулзахдаа энхийн хэлэлцээг эхлүүлэхэд тусална, Ойрхи Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж амалжээ. Энэ бүхэн Ши Жиньпиний хувьд АНУ-ын улам бүр нэр хүнд нь буурч, өртөг өндөртэй дайнд гацсан удирдагчтай зэрэгцэн хоёр талтай нь нэг долоо хоногийн дотор харилцаж буй нь дэлхийд Хятадын нөлөөг бататгах давуу тал болж буй..

Мөн эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс энэ мөргөлдөөнийг АНУ-ын хувьд удахгүй болох сонгуулийн өмнө улс төрийн дарамт үүсгэж, Вашингтон илүү үр дүн харуулах шаардлагатай нөхцөлд Хятадад хэлэлцээрийн давуу байдал авчрах боломж гэж болгоомжлон харж байгаа аж.

Гэвч Бээжин энх тайвныг бий болгохын тулд Иранд хэр зэрэг шахалт үзүүлэх нь тодорхойгүй. Учир нь, Хятад улсад нэг талаас эдийн засгийн эрчим хүчний аюулгүй байдал, нефтийн хамаарал, дэлхийн зах зээлийн хэлбэлзэл, дайны улмаас үүсэх эдийн засгийн уналтаас сэргийлэх хэрэгцээ бий.

Нөгөө талаас Ирантай хийж буй газрын тосны худалдаа нь Хятадын эрчим хүчний хэрэгцээнд чухал хэвээр байгаа тул хоёр талын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх нарийн дипломат бодлого баримтлах шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.

Эх сурвалж: CNN