ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Нэгдсэн цэргийн бүлэглэлийн нэгэн туслах командын байранд ажиллах үеэрээ Оросын Зэвсэгт хүчин Константиновка сууринг хяналтдаа авсан талаар Жанжин штабаас илтгэл сонссон байна.
Путин "Цэргийн ажиллагаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд Константиновкаг эзэлсэн нь Донецкийн бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах стратегийн чухал алхам болсон" гэж онцолжээ.
Түүний хэлснээр, энэ нь Украины Зэвсэгт хүчний байрлалд томоохон цохилт өгч, цаашдын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон байна.
Оросын Ерөнхийлөгч мөн орос цэргүүд фронтын бүхий л чиглэлд стратегийн санаачилгаа хадгалан, давшилтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд "Украины цэргүүд их хэмжээний хохирол амсан ухарч байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр сүүлийн үед Луганск мужийн нутаг дэвсгэрийг бүрэн "чөлөөлсөн" гэж үзэж буй бөгөөд одоо Донецк, Запорожье болон Херсон муж дахь Украины цэргийн хүчний эсрэг ажиллагаа үргэлжилж буй талаар дурдсан байна.
Путины мэдээлснээр, 2026 оны эхнээс хойш Оросын арми Донбасс болон Оросын "Новороссия" хэмээн нэрлэдэг бүсэд нийт 133 суурин газар, 3000 гаруй км² газар нутгийг хяналтдаа авсан аж.
Мөн тэрбээр "Украины хил орчмын бүсэд байгуулж буй 'аюулгүй байдлын зурвас'-ыг мэдэгдэхүйц өргөжүүлсэн. Хэрэв Украины тал Оросын дэд бүтцийн объектуудад цохилт өгөхөө үргэлжлүүлвэл энэхүү хамгаалалтын бүсийг цаашид ч өргөжүүлэх шаардлага гарна" гэж мэдэгджээ.
Путин мөн Украины тал бодит нөхцөл байдлыг нуухын тулд хорлон сүйтгэх болон террорист шинжтэй ажиллагаа явуулж болзошгүй тул ийм эрсдэлд бэлэн байх шаардлагатай гэж анхааруулсан байна.
Түүнчлэн тэрбээр Европын орнуудын санал болгож буй энхийг сахиулах хүчний талаар байр сууриа илэрхийлж, тэдгээрийн зорилго нь мөргөлдөөнийг зохицуулах бус, харин Оростой хийх дайныг үргэлжлүүлэхэд чиглэж байна гэж үзэж байгаагаа хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Украины цэргийн дэд бүтэц болон цэргийн объектуудад цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалж, Украиныг дэмжигч орнууд мөргөлдөөнд хэр зэрэг бодитоор оролцож байгаад дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж онцолсон аж.

Жанжин штабын даргын танилцуулсан мэдээлэл
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов дараах мэдээллийг танилцуулжээ.
- Оросын цэргийн давшилт фронтын бүх чиглэлд үргэлжилж байна.
- "Хойд" болон "Дорнод" цэргийн бүлэглэлүүд хамгийн өндөр хурдтай урагшилж байгаа аж.
- "Төв" бүлэглэлийн тэргүүн ангиуд Доброполье болон Анновка сууринд нэвтэрсэн байна.
- "Днепр" бүлэглэлийн урд шугам Запорожье хотын захад ойролцоогоор 9 км-ийн зайд хүрчээ.
- Сумы, Харьков мужуудын хилийн аюулгүй байдлын бүсийг өргөжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.
- Красный Лиман хотыг хяналтдаа авах ажиллагаа төгсгөлийн шатандаа орсон гэж мэдээлэв.
- Красноармейск чиглэлд фронтын шугамыг 8.5 км-ээр урагшлуулсан байна.
- Купянскийн чиглэлд Украины тал ихээхэн хохирол амссан гэж мэдэгдэв.
- Оскол мөрний зүүн эрэгт Украины цэргийн хүчний эсрэг ажиллагаа үргэлжилж байна.
- Оросын цохилтын дараа Украины алсын тусгалтай зэвсэг үйлдвэрлэх хүчин чадал буурсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Константиновкагийн стратегийн ач холбогдол
Оросын "Өмнөд" цэргийн бүлэглэлийн 1442 дугаар мотобуудлагын хорооны батальоны командлагчийн мэдээлснээр, Константиновкад хүрэхийн тулд Оросын цэргүүд Украины олон жилийн турш байгуулсан бэхлэлт, хамгаалалтын шугам, өргөст торон саадыг даван туулсан байна. Түүний хэлснээр, бууж өгсөн Украины цэргүүдийг хотын бүсээс гарган шилжүүлж байгаа аж.
Константиновка нь Донецк хотоос хойд зүгт ойролцоогоор 55 километрийн зайд оршдог бөгөөд Краматорск-Славянскийн цэргийн бүлэглэлийг хангах томоохон төмөр замын зангилаа байрладаг тул стратегийн чухал ач холбогдолтой суурин гэж үздэг байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI