ОХУ-ын Засгийн газар хуучирсан экологийн чанарын "Евро-3" стандартын бензин, дизель түлшийг дотоодын зах зээлд эргэлтэд оруулахыг зөвшөөрлөө. Энэхүү стандартыг Европт 2000–2005 оны хооронд мөрдөж байсан юм. Ерөнхий сайд Михаил Мишустины 7 дугаар сарын 2-ны пүрэв гарагт гарын үсэг зурсан тогтоол ОХУ-ын эрх зүйн албан ёсны мэдээллийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

Энэ нь хүхрийн агууламж өндөртэй түлшний тухай юм. Тухайлбал, Эрчим хүчний яам "Бензинд нэг килограмм тутамд 150 мг-аас, дизель түлшинд 350 мг-аас илүү хүхэр агуулагдах ёсгүй" гэж ОХУ-ын мэдээлжээ. Харин илүү орчин үеийн "Евро-5" стандартын дагуу нэг килограмм түлшинд ердөө 10 мг хүртэл хүхэр агуулагдахыг зөвшөөрдөг бөгөөд энэ нь бензиний хувьд 15 дахин, дизель түлшний хувьд 35 дахин хатуу шаардлага аж.

ОХУ-ын Засгийн газрын тогтоолд дурдсанаар, ийм төрлийн түлшийг зөвхөн зарим газрын тос боловсруулах үйлдвэр (НПЗ) үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх боломжтой. Бензиний стандартыг бууруулах шийдвэр дотоодын эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг гэж тайлбарлажээ.

Мөн "Евро-3" стандартын бензин, дизель түлш нь Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЗХ)-ны бүтээгдэхүүний нэгдсэн тэмдэглэгээг авахгүй бөгөөд тус холбооны бусад гишүүн оронд худалдаалахгүй гэж тогтоолд заасан байна.

"Коммерсант": ОХУ түлшний стандартыг "Евро-2" хүртэл бууруулах талаар хэлэлцэж байна

Зургадугаар сарын сүүлээр "Коммерсант" сонин ОХУ-ын Засгийн газар 2027 оны долдугаар сар хүртэл "Евро-2", "Евро-3", "Евро-4" ангиллын бензин, дизель түлшийг дотоодын зах зээлд үйлдвэрлэж, худалдаалахыг зөвшөөрөх, мөн ийм төрлийн түлшний импортыг хязгаарлахгүй байх асуудлыг хэлэлцэж буй талаар мэдээлсэн. Харин "Евро-2" стандартын түлшийг ОХУ-д 2013 оноос хойш худалдаалахыг хоригложээ.

NEFT Research зөвлөх компанийн Харилцаа холбооны захирал Дмитрий Прокофьевын хэлснээр, доогуур стандартын түлш үйлдвэрлэх нь нефтийн хөнгөн фракцыг гүн боловсруулалтгүйгээр ашиглах, өндөр стандартын түлш үйлдвэрлэх боломжгүй үйлдвэрүүдийг ажиллуулах, мөн үйлдвэрлэлийн үйл явцыг мэдэгдэхүйц хялбаршуулах давуу талтай. Гэхдээ орчин үеийн олон автомашины хувьд "Евро-2" стандартын түлшийг ашиглах нь аюулгүй биш байж болзошгүй аж.

Түлшний хомсдлын шалтгаан

Нийтлэлд дурдсанаар, ОХУ дахь түлшний хомсдол нь Украины Зэвсэгт хүчиний газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлш, эрчим хүчний цогцолборын байгууламжуудад удаа дараа өгсөн цохилттой холбоотой гэж үзэж байна.

Түлшний хямрал тавдугаар сарын сүүлээр эрс хурцадсан бөгөөд Москва хотын түлшний хэрэгцээний ойролцоогоор 40 хувийг хангадаг "Капотня" газрын тос боловсруулах үйлдвэр нэг долоо хоногийн дотор хоёр удаа цохилтод өртөж, 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхэн хүртэл ажиллагааг нь зогсоосон гэж мэдээлжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын бензиний үйлдвэрлэл өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад 25 хувиар буурч, хоногт 85 мянган тонн болсон байна. Харин зуны улиралд хоногийн хэрэглээ ойролцоогоор 110 мянган тонн байдаг аж.

РБК агентлагийн тооцоогоор, түлшний худалдаанд албан ёсны хязгаарлалт 40 гаруй бүс нутагт, тэр дундаа ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн Украины нутаг дэвсгэрүүдэд хэрэгжиж буй бөгөөд нийлүүлэлт тасалдаж буй талаар нийт 85 субъектээс мэдээлэл иржээ.

Шинжилгээний Kpler агентлагийн мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд ОХУ-ын бензиний нөөц хэдэн зуун мянган тонноор буурсан байна. Мөн бензиний хомсдол үүссэнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж нийтлэлд дурдсан байна.

Эх сурвалж: DW