ОХУ Украины нийслэл Киев хот руу пүрэв гаргийн үүрээр олон зуун нисгэгчгүй онгоц, хэдэн арван пуужингаар өргөн хүрээг хамарсан довтолгоо хийсний улмаас дор хаяж 27 хүн амиа алдаж, 91 хүн шархадсан талаар Украины эрх баригчид мэдээлжээ. Мөн хотын хэмжээнд 130 орчим барилга байгууламж гэмтэж сүйдсэн байна.
Довтолгооны үеэр Киевийн төв болон олон дүүрэгт хүчтэй дэлбэрэлтүүд болж, тэнгэрийг өтгөн утаа бүрхжээ. Олон мянган иргэн метро болон хамгаалах байр руу орж, хот даяар агаарын түгшүүр шөнөжин үргэлжилсэн байна.
Киев хотын цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, нэг шархадсан иргэн эмнэлэгт нас барснаар нас барагсдын тоо 27-д хүрч, шархадсан хүний тоо 91 болжээ.
Аврах багууд нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг хайж буй бөгөөд зарим байршилд олон хүн сураггүй хэвээр байгаа аж. Нэг дүүргээс таван хүний цогцос гаргаж авсан бол өөр хэсэгт найман хүн ор сураггүй байгааг албаныхан мэдээлжээ.
Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж, илүү олон хохирогч байж болзошгүй гэж анхааруулсан байна.
Хотын захиргаанаас мэдээлснээр, Киевийн бүх дүүрэгт нийт 130 орчим объект гэмтэж, орон сууцны барилга, эмнэлгийн дэд бүтэц, зочид буудал, зах болон бусад иргэний байгууламжууд ихээхэн сүйджээ. Тухайлбал:
- Түргэн тусламжийн станц эвдэрч, эмч, жолооч нар шархадсан
- Орон сууцны барилгууд шатаж, хэсэгчлэн нурсан
- Зочид буудал болон зах дээр гал гарсан
- Зарим оршин суугч барилгад гацсан тохиолдлууд гарсан байна
Зеленскийн шүүмжлэл
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагын дараа Киевт ирж, сүйрсэн барилгын байршлуудад очсон байна. Тэрбээр "Холбоотнууд амалсан агаарын довтолгооноос хамгаалах системийг хугацаанд нь нийлүүлээгүй нь хохирлыг нэмэгдүүлсэн" гэж шүүмжилжээ.
Мөн тэрбээр "НАТО-гийн удахгүй болох уулзалтад агаарын хамгаалалтын асуудал гол сэдэв болно" гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын байр суурь
ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ довтолгоог “өндөр нарийвчлалтай холын зайн зэвсэг, дрон ашигласан цохилт” гэж тодорхойлж, "Украины цэргийн болон эрчим хүчний объектуудыг онилсон" гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ ажиллагааг Украинаас хийсэн өмнөх дрон довтолгооны “хариу арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
Олон улсын анхаарал
Европын Холбоо, НҮБ зэрэг байгууллагууд уг халдлагыг буруушааж, энгийн иргэдийн эсрэг чиглэсэн довтолгоо нэмэгдэж буйг “ноцтой хандлага” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: REUTERS