Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас сүйрсэн барилгын нуранги дороос нэгэн эррэгтэйг 8 хоногийн дараа эсэн мэнд гарган аварсан талаар олон улсын аврах багууд мэдээлжээ. Энэхүү ажиллагааг аврагчид “гайхамшигт аврал” хэмээн тодорхойлж байна.
Аврагчид Ла Гуайра хотын нурангид дарагдсан худалдааны төвийн зогсоолын дороос Хернан Альберто Жил Флорес гэх 40 гаруй настай хамгаалалтын ажилтныг гарган авчээ.
Тэрбээр 9 давхар барилгын нурсан хэсэгт ойролцоогоор 29 фут (9 метр орчим) гүн нуранги дор дарагдсан байсан бөгөөд аврах ажиллагаа олон хоног үргэлжилсний эцэст пүрэв гарагт амжилттай болсон байна.
Чилийн Гал сөнөөгчдийн албаны мэдээлснээр, аврах ажиллагаа нийт 70 цагийн турш үргэлжилж, олон улсын баг хамтран оролцжээ. Түүнийг аврах үед биеийн байдал харьцангуй тогтвортой байсан бөгөөд эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.
“Гайхамшигтайгаар амьд үлдсэн”
Чилийн гал сөнөөгчдийн алба түүнийг олсон мөчийг “онцгой төвөгтэй ажиллагаа” хэмээн тодорхойлсон бөгөөд барилгын бүтэц тогтворгүй, дахин нурах эрсдэл өндөр байжээ.
Венесуэлийн Улаан загалмайн түргэн тусламжийн ажилтан Луис Родригесийн хэлснээр, аврах ажиллагааны дараа Жил Флорес эмнэлэг рүү тээвэрлэгдэх үед “Түргэн тусламж хүлээж авахад түүний биеийн байдал тогтвортой байсан. Замын турш ухаантай, хариу үйлдэлтэй байсан” гэжээ.
Түүний эхнэр Гусвимар Гонзалес CNN-д өгсөн ярилцлагадаа газар хөдлөлтийн дараах өдрүүдийг “гүн харанхуйн үе” хэмээн тодорхойлж, нөхрөө амьд үлдээгүй гэж бодож байснаа хэлжээ. Гэвч түүнийг амьд гэдгийг мэдмэгцээ “Би нарны гэрэл харсан мэт болсон. Тэр яг л баатар шиг тэсэж байсан” гэж хэлсэн байна. Хүүхдүүд нь гэртээ аавыгаа хүлээж буй талаар мөн дурджээ.

Аврах ажиллагааны нарийн үе шат
Аврагчид нуранги дор амьд хүн байж болзошгүй гэсэн мэдээллийг Ням гарагт анх хүлээн авчээ. Үүний дараа радар, дуу авианы мэдрэгч ашиглан, түүний байршлыг тогтоосон байна.
Хэдэн өдрийн турш олон улсын аврах багууд түүнийг амьд байлгах зорилгоор хоол, ус, эмийн бодисыг хоолойгоор дамжуулан өгч, тусгай төхөөрөмжөөр холбоо барьж байжээ.
Аврагчид түүний хөдөлгөөн, хариу үйлдлийг камерын тусламжтайгаар хянаж, хуруу нь жижиг завсраар хөдөлж буйг анх ажигласан байна.
Олон улсын аврах багийн хамтын ажиллагаа
Аврах ажиллагаанд хэд хэдэн улсын баг оролцсон бөгөөд тэд нуралтыг тогтворжуулах, хонгил гаргах, амьд үлдэгсдэд хүрэх зам бий болгох зэрэг ажил хийжээ.
НҮБ-ын гамшигтай тэмцэх багийн төлөөлөгчийн хэлснээр, газар хөдлөлтийн дараах 7 дахь өдрөөс хойш амьд хүн олох магадлал маш бага байдаг бөгөөд энэ тохиолдлыг “онцгой ховор аврал” гэж тодорхойлжээ.
Хохирлын хэмжээ нэмэгдсээр байна
Албаныхны мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2000 давсан ч бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай гэж үзэж буй юм байна.
Ла Гуайра хотод түр байгуулсан моргуудад өдөрт хэдэн зуун цогцос хүлээн авч буй талаар нэгэн шүүх эмнэлгийн эмч мэдээлжээ.
Эх сурвалж: CNN