Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Энх тайван, хүний эрхийн хэлтэс болон Монгол Улсын Их Сургууль хамтран “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” сэдэвт бүс нутгийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь ардчиллын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, төрийн институцийн чадавхыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Тус хурал ардчиллын дархлааг бэхжүүлэх чиглэлд үр нөлөө бүхий хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа анх санаачлан эхлүүлсэн түүхтэй.
Энэ удаагийн арга хэмжээ 2025 онд зохион байгуулагдсан “Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт анхдугаар хурлын үргэлжлэл болж, бүс нутгийн улс орнуудын туршлага, судалгаанд тулгуурласан бодлогын шийдлийг эрэлхийлж байгаагаараа онцлог юм.
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр үг хэлэхдээ өнөөгийн дэлхий дахинд ардчиллын чанар, төрийн институцийн чадавх, улс төрийн туйлшрал зэрэг асуудал хурцаар тавигдаж буйг онцлон тэмдэглэв.
Улмаар ийм нөхцөлд бүс нутгийн хамтын ажиллагаа болон бодлогын нээлттэй яриа хэлэлцээ онцгой чухал болохыг дурдсан бөгөөд ардчиллын бат бөх байдал нь зөвхөн төрийн институцээс бус, хууль хүн бүрд тэгш үйлчлэх нөхцөл, хариуцлагатай засаглал, иргэдийн идэвхтэй оролцооноос шууд хамаардаг болохыг онцоллоо.

Хурлын хүрээнд ардчилсан тогтолцоонд нөлөөлж буй дотоод болон гадаад хүчин зүйлс, Үндсэн хуулийн институцүүдийн үүрэг, хүний эрх ба хууль дээдлэх ёсны уялдаа холбооны асуудлыг олон улсын нэр хүндтэй судлаачид хэлэлцэх юм. Тухайлбал, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Жонг Вон Үндсэн хуулийн институцүүдийн гүйцэтгэх үүргийн талаар,
Стэнфордын их сургуулийн профессор Киёотэру Цүцүй хүний эрх ба ардчиллын харилцан хамаарлын олон улсын туршлагын талаар, Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш ардчиллын чанар ба институцийн хөгжлийн харьцуулсан судалгааны талаар, Бернийн их сургуулийн ахлах судлаач Шон Мүллер Швейцарын орон нутгийн өөрөө удирдах ёсны туршлагын талаар тус тус илтгэл тавих аж.
Мөн “Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд иргэдийг бодлого боловсруулах үйл явцад бодитой оролцуулах механизм болон зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэлэлцэх бөгөөд энэ хэсэгт профессор Жеймс С. Фишкин болон ЭЗХАБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож сайн туршлагыг танилцуулах нь.
Мөн “Улс төрийн туйлшрал ба Ази тив” сэдэвт хэлэлцүүлгээр Шри Ланка, Бангладеш, Япон, Индонез зэрэг улсын төлөөлөгчид, тэр дундаа Индонезийн Худалдааны сайд асан Гита Виржаван тэргүүтэй судлаачид нийгмийн талцал, популизм болон цахим мэдээллийн орчны өөрчлөлтийн талаар туршлага солилцох аж.
Уг бүс нутгийн хурал ардчиллын нийтлэг сорилтуудыг хамтран шийдвэрлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр бөгөөд хууль дээдлэх ёс, хариуцлагатай засаглал, иргэдийн идэвхтэй оролцоо нь ардчиллын дархлаа, тогтвортой нийгмийн үндэс болохыг дахин нотолж байна.
Ардчиллын зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн үүрэг болон
Монголын туршлагын талаар олон улсын эрдэмтдийн байр суурь
Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жеймс С.Фишкин:

-Миний бодлоор зөвлөлдөх ардчилал аливаа ардчилсан тогтолцоонд маш чухал. Учир нь, ардчиллын үндсэн зорилго бол ард түмний хүсэл зоригийг бодитой хэрэгжиж буй бодлого, шийдвэртэй холбох явдал юм. Иргэд зөвлөлдөх үйл явцад оролцсоноор тэдэнд үнэн зөв мэдээлэл хүрч, бие биенээ сонсож, өөрсдийн асуултад хариулт авч чаддаг. Ингэснээр тэд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжтой болдог.
Тэгэхээр ард иргэд хангалттай мэдээлэлтэйгээр сонголтоо хийсний үндсэн дээр боловсруулсан бодлого илүү дээр үү, эсвэл хагас үнэн, худал мэдээлэл, төөрөгдүүлсэн суртал ухуулгад автан гарсан шийдвэр дээр суурилсан бодлого илүү дээр үү? Өнөөдөр сошиал сүлжээ суртал ухуулга түгээж, худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж болох энэ цаг үед зөвлөлдөх ардчилал бүр ч чухал болж байна. Энэ нь ардчиллыг илүү чанартай болгож, хүн бүрийн дуу хоолойг сонсох боломжийг бүрдүүлдэг.
Сэтгүүлч: -Миний бодлоор олон улс орон энэ аргыг төдийлөн нэвтрүүлээгүй байна. Та үүнийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?
Фишкин: -Үнэндээ олон улс орон томоохон шийдвэрүүд дээр энэхүү зөвлөлдөх санал асуулгыг ашигласан. Бид дэлхийн олон оронд нийт 160 зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн олонх нь бодлогод бодит нөлөө үзүүлсэн. Тухайлбал Япон, БНСУ, Тайвань, АНУ, Баруун Европ, Африкийн орнуудад хэрэгжиж байсан.
Гэхдээ Монгол Улс энэ чиглэлээр тэргүүлэгч орон гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуультай холбоотой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь нэг талаар ард түмний гаргаж болох хамгийн чухал шийдвэрийн тухай асуудал юм.Өнөөдөр энэхүү арга дэлхийн олон оронд хэрэгжиж, улам боловсронгуй болсоор байна.
Сэтгүүлч: -Та Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хэлж байна, тийм үү?
Фишкин: -Тийм ээ. Ер нь Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд аль аль нь чухал ач холбогдолтой байсан. Хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, пропорциональ төлөөллийн зарчмаар сонгогдох парламентын гишүүдийн тоог ойролцоогоор 60 хувиар нэмэгдүүлсэн. Учир нь, иргэд илүү өргөн сонголт хийхийг хүсэж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд дараагийн сонгуулиар тэд үнэхээр илүү олон сонголттой болсон.
Бидний ашигладаг шинжлэх ухааны шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд иргэд тэгш оролцох боломжтой байсан. Үндэсний статистикийн хорооны дэмжлэгтэйгээр Төрийн ордонд цугласан оролцогчдын түүвэр нь нийт хүн амыг маш сайн төлөөлж чадсан.
Мөн оролцогчид өөрсдийн үнэхээр хүсэж буй зүйлээ тодорхой, уялдаа холбоотой үндэслэлээр илэрхийлсэн. Харин Улсын Их Хурал тэдний зөвлөмжийг оновчтой гэж үзэн хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс энэ бол үнэхээр амжилттай хэрэгжсэн сайн жишээ болсон гэж бодож байна.
Сэтгүүлч: -Үндсэн хууль яагаад чухал болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Жон Вон: -Үндсэн хууль бол аливаа улсын суурь үндэс, үндсэн загвар юм. Үүнийг тухайн улсын анхны зураг төсөл гэж ойлгож болно. Энэ нь хүмүүсийн гарал үүсэл, нөхцөл байдлаас үл хамааран бүгдээрээ зөвшөөрч чадах нийгмийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль бол нийт ард түмний бүтээл бөгөөд нийгмийн нийтлэг зөвшилцлийг илэрхийлдэг. Иргэд бүгд Үндсэн хуулийг дагаж мөрдөх нь тухайн нийгмийн зөвшилцлийн үндэс болдог.
Сэтгүүлч: -Сайн Үндсэн хууль ардчиллыг хэрхэн бэхжүүлдэг вэ?
Ким Жон Вон: -Үндсэн хууль өөрөө дангаараа ардчиллыг баталгаажуулж чаддаггүй. Хамгийн чухал нь хүмүүс юм. Сайн Үндсэн хуультай байлаа ч түүнийг хэрэгжүүлэх хүмүүс хариуцлагатай, шударга байх ёстой. Тиймээс бид Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хүндэтгэж, өөрсдөө сайн иргэн байхыг үргэлж эрмэлзэх хэрэгтэй. Миний хариулт энэ.
Сэтгүүлч: -Гэхдээ зарим хүн бүх Үндсэн хууль сайн байдаггүй гэж хэлэх байх. Зарим улс оронд удирдагчид Үндсэн хуулийн заалтуудыг ашиглан ардчиллыг сулруулж байсан тохиолдол бий?
Ким Жон Вон: -Тийм ээ, таны хэлж байгаа зөв. Түүхэнд зарим дарангуйлагч Үндсэн хуулийг өөртөө ашигтайгаар ашиглаж байсан тохиолдлууд бий. Харин өнөөдөр иргэд сайн Үндсэн хууль ямар байх ёстойг илүү сайн ойлгодог болсон. Тиймээс улс төрчид иргэдийн итгэлийг олж, тэднийг ардчилсан аргаар үнэмшүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон.
Сэтгүүлч: -Солонгос, эсвэл Японы жишээн дээр Үндсэн хууль ардчиллыг хэрхэн бэхжүүлж, улс орныг дарангуйлал руу халтирахаас хамгаалсан тодорхой жишээ хэлж өгч болох уу?
Ким Жон Вон: -Улс орон бүр өөрийн гэсэн түүхэн туршлагатай байдаг. Тэр нь сайн ч байж болно, муу ч байж болно. Мөн улс бүрийн тогтолцоо өөрийн гэсэн онцлог, нөхцөлтэй. Миний бодлоор хамгийн чухал нь Үндсэн хуулийн мөн чанар, үзэл санааг хадгалж хамгаалах явдал юм.
Сэтгүүлч: -Улс төрийн удирдагчид Үндсэн хуулийг сулруулахыг оролдсон ч Үндсэн хуулийн тогтолцоо эцэст нь ялсан тодорхой жишээ бий юу?
Ким Жон Вон: -Би улс төрийн тодорхой нэг жишээг онцолж ярихыг хүсэхгүй байна. Хамгийн чухал нь ард түмний өөрсдийн туулсан туршлага юм. Тэрхүү туршлагаас хүмүүс ямар тогтолцоо сайн ажилладгийг ойлгож сурдаг. Тиймээс тогтолцоогоо зөв ажиллуулахын төлөө бүгдээрээ хүчин чармайлт гаргах нь бидний нийтлэг үүрэг гэж бодож байна.

Бан Ги Мүн сангийн Гүйцэтгэх захирал Ким Сүүк: -Монгол-Солонгосын хоёр талын харилцааны талаар нэмж хэлье. Манай харилцаа 700 гаруй жилийн өмнөөс, Чингис хаан дэлхийг захирч, Солонгосын хойгийн нэг хэсгийг мөн эзэмшиж байсан үеэс эхтэй. Бид соёл, хэл, зарим тохиолдолд уламжлалын хувьд гүн гүнзгий уг гарвалтай холбоотой байдаг, ялангуяа Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших Жэжү арал.
Саяхан Жэжү арал дээр жил бүр болдог "Жэжү Форум" боллоо. Тэнд эрхэм Занданшатар оролцож, хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй үг хэлсэн юм. Эрхэм Занданшатар бол миний харж байгаагаар ардчилсан үнэт зүйлсэд гүнээ итгэдэг бөгөөд мөн Монголын ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй хүн. Түүний өөдрөг үзэл надад таалагддаг.