Оросын Шинжлэх ухааны академийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори "Наран дээр хамгийн дээд ангилалд тооцогдох X1.1 хүчтэй дэлбэрэлт болж, түүнээс үүссэн плазмын урсгал Дэлхий рүү чиглэн ойртож байна. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 2-ны орой G3 буюу хүчтэй түвшний соронзон шуурга дэгдэх магадлал өндөр байна" гэж мэдээлэв.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, зургадугаар сарын эхнээс хойших хугацаанд Наран дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй буюу X1.1 ангиллын дэлбэрэлт энэ удаагийнх болох аж.
Лабораторийн тайлбарт "Хэдийгээр дэлбэрэлтийн хүч дундаж түвшинд үнэлэгдэж байгаа ч идэвхжил үүссэн бүс яг одоо Нар, Дэлхийг холбосон шулуун шугам дээр байрлаж буй тул плазмын урсгал Дэлхийд шууд нөлөөлөх нөхцөл бүрдсэн. Иймээс соронзон шуурга нэлээд мэдрэгдэхүйц байх төлөвтэй байна" гэжээ.
Түүнчлэн энэ удаагийн үзэгдэл хамгийн дээд түвшний геосоронзон болон цацрагийн шуурга болохгүй бөгөөд G4 түвшинд хүрэх магадлал бага гэж үзэж байгаа ч G3 буюу хүчтэй ангиллын соронзон шуурга үүсэх боломж өндөр буйг онцолсон байна.
Хэрэв урьдчилсан тооцоо батлагдвал энэхүү соронзон шуурга энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн хүчтэй геосоронзон үзэгдэл болох төлөвтэй байгаа аж.
Одоогийн тооцооллоор, Нарны дэлбэрэлтээс үүссэн плазмын үүл долдугаар сарын 2-ны өдөр Дэлхийн ойролцоо хүрч, оройн цагаас эхлэн соронзон орны идэвхжил эрчимжих төлөвтэй байгаа юм байна.
Эх сурвалж: TASS