Эрдэмтэд агаарын температурын огцом өсөлт хүмүүсийг дасгал хөдөлгөөнөөс холдуулж, улмаар урт хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Халуун үед ч хөдөлгөөнөө хэрхэн аюулгүй үргэлжлүүлэх вэ?

Халуун цаг агаарт идэвхтэй байх нь амаргүй. Тиймээс ч 2026 оны ДАШТ-д АНУ, Канад, Мексикт тоглох хөлбөмбөгчдөд тоглолтын үеэр нэмэлт ус уух завсарлага өгөхөөр шийджээ.

Мөн энэ зун хүчтэй Эль Ниньо цаг уурын үзэгдлийн улмаас өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа нь дасгал хөдөлгөөн хийхэд илүү хүндрэл учруулж болзошгүй аж.

Хэт халуунд гүйх, хөлбөмбөг тоглох зэрэг нь зөвхөн тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна халуунд цохиулах (heatstroke) эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Аргентины Католик их сургуулийн хүрээлэн буй орчны эрүүл мэндийн судлаач Кристиан Гарсиа-Витульски “Алхах, дугуй унах, гадаа дасгал хийх, тэр ч байтугай ажилдаа явган явах зэрэг өдөр тутмын хөдөлгөөн хүртэл халуун үед илүү их хүч шаарддаг бөгөөд тухгүй болгодог” гэж тайлбарлажээ.

Гэхдээ зөвхөн халуун байна гээд хөдөлгөөнөө байнга багасгах нь урт хугацаанд эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж болох аж.

Судлаачдын шинэ судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй температурын өсөлт нь халуунд хүмүүсийг хөдөлгөөнийг хязгаарладаг. Иймд тэд энэ нь 2050 он гэхэд жилд ойролцоогоор 470,000-700,000 эрт нас баралтад хүргэж болзошгүй гэж тооцоолжээ.

Яагаад халуунд хурдан ядардаг вэ?

Дасгал хийх үед булчингууд агшиж, их хэмжээний дулаан ялгаруулдаг. Бие илүүдэл дулаанаа гадагшлуулахын тулд хөлс ялгаруулж, арьсны гадаргуу руу чиглэх цусны урсгалыг нэмэгдүүлдэг.

Гэвч энэ үед бие нэг төрлийн “сонголт” хийх шаардлагатай болдог гэж Австралийн Сиднейн их сургуулийн профессор Олли Жей тайлбарлажээ. Учир нь, булчинд хүчилтөрөгч хүргэхэд шаардлагатай цусны тодорхой хэсэг арьс руу чиглэж, улмаар булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч болох аж.

Ингэснээр халуун нөхцөлд бие илүү хурдан ядарч, зүрх булчин болон биеийг хэвийн ажиллуулахын тулд илүү их ачаалалтай ажилладаг байна. Тэр “Арьс үндсэндээ булчингаас цус авч байгаа мэт болж, булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг. Үүний улмаас халуун нөхцөлд бие хурдан ядарч, зүрх илүү их ачаалалтай ажилладаг" гэжээ.  

Халуунд ч эрүүл мэндээ хамгаалан дасгал хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Халуун үед дасгал хийх зөвлөмжүүд

1. Дасгалаа сэрүүн үед хийх

Хамгийн үр дүнтэй өөрчлөлт бол дасгалаа өглөө эрт, эсвэл орой сэрүүссэн үед хийх аж. Мөн нарны шууд тусгал багатай, сүүдэртэй газар сонгох хэрэгтэй юм байна.

Олли Жейн хэлэхдээ, нарны шууд тусгалтай болон сүүдэртэй орчны температурын ялгаа 12-15°C хүртэл байж болно гэжээ.

2. Чийгшилд анхаарах

Зөвхөн халуун биш, агаарын чийгшил бас чухал. Биеийн үндсэн хөргөх механизм бол хөлс уурших үйл явц юм. Гэвч чийг ихтэй үед хөлс амархан ууршиж чаддаггүй. Ингэснээр бие дулаанаа "алдахгүй, халууны стресс нэмэгддэг байна.

3. Дасгалын хугацаа, эрчмээ багасгах

Хэт халуун өдөр өмнөх хэв маягаа яг барих гэж хичээх шаардлагагүй. Богино хугацаанд алхах, хөнгөн хөдөлгөөн хийх нь илүү аюулгүй байж болно.

Судлаачид: “Халуун нөхцөлд хүмүүс хурдан ядарч, илүү их хөлөрч, толгой эргэх, тавгүй мэдрэмж авах магадлалтай” гэжээ.

4. Дасгалын өмнө биеэ хөргөх

Дасгал эхлэхээс өмнө биеийн температурыг бага зэрэг бууруулах нь тустай аж. Үүнийг сэрүүн орчинд байх, хүйтэн ус хэрэглэх, мөстэй ундаа бага хэмжээгээр хэрэглэх зэрэг аргаар хийж болох нь.

Судалгаагаар дасгалын өмнө биеийг бага зэрэг хөргөсөн хүмүүс халууныг илүү удаан тэсвэрлэх боломжтой байдаг ажээ.

5. Дасгалын дараа зөв хөргөх

Арьсан дээр шууд мөс тавих нь мэдрэмжийн хувьд хүйтэн боловч үр дүн нь үргэлж хамгийн сайн байдаггүй. Илүү үр дүнтэй арга нь гар, шуугаа хүйтэн усанд дүрэх, бие дээрээ ус асгах, нойтон алчуураар биеэ арчих аж. Ус уурших үед биеийг хөргөж, булчинд очих цусны урсгалыг дэмждэг байна.

6. Биеэ халуунд дасгах

Халуун нөхцөлд дасгалаа бага багаар нэмэгдүүлснээр бие дасан зохицдог. Үүнийг халуунд дасан зохицох үйл явц гэж нэрлэдэг. Ерөнхийдөө 7-14 хоног тогтмол халуунд дасгал хийсний дараа амарч байх үеийн биеийн температур буурч, хөлрөх болон цусны хэмжээ нэмэгддэг байна. Ингэснээр бие халуунд илүү сайн ажиллаж чадах аж.

Гэхдээ энэ дасан зохицол удаан хадгалагддаггүй. Хэрэв халуун орчинд тогтмол хөдөлгөөн хийхгүй бол бие аажмаар өмнөх дасан зохицох чадвараа алддаг. Хэзээ зогсох хэрэгтэй вэ? Халуунд дасгал хийснээс үүдэлтэй ноцтой тохиолдол ховор боловч халууны ядаргаа нэмэгддэг байна.

Анхаарах шинжүүд:

- толгой эргэх
- дотор муухайрах
- хэт ядрах
- зүрх хүчтэй дэлсэх зэрэг шинж илэрвэл шууд зогсоож, биеэ хөргөх хэрэгтэй.

Судлаач Гарсиа-Витульски “Бид хөдөлгөөнөө уур амьсгалаас тусдаа зүйл гэж харахаа болих хэрэгтэй. Халуун өдрүүд нэмэгдэхийн хэрээр хүмүүс зөвхөн хөдөлгөөн хийх эсэхээ биш, хэзээ, хаана, хэрхэн хийхдээ анхаарч, өөрчлөх шаардлагатай болно" гэжээ.

Эх сурвалж: BBC