Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига "ОХУ тавдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Украины зарласан гал зогсоох дэглэмийг зөрчсөн" гэж Х (хуучнаар Twitter) сүлжээгээр дамжуулж мэдэгджээ. Түүний хэлснээр, Оросын тал 108 дрон болон 3 пуужин ашиглан шөнөжин довтолсон бөгөөд өглөөний цагаар Харьков, Запорожье хотуудад дахин цохилт өгсөн байна.

Сибигийн хэлснээр, Москва Киевийн санал болгосон харилцан гал зогсоох саналыг дахин үл тоомсорложээ. Тэр "Энэ нь ОХУ энх тайвныг хүсэхгүй байгааг харуулж байна" гэж онцолсон байна. Мөн Сиби "Оросын тал тавдугаар сарын 9-ний гал зогсоох тухай “хуурамч уриалга” гаргаж буй нь дипломат харилцаатай ямар ч холбоогүй, харин зөвхөн цэргийн парад, суртал ухуулгад чиглэж байна" гэж шүүмжилжээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний Telegram сувагт мэдээлснээр, тавдугаар сарын 6-ны шөнө ОХУ Украин улсын хойд болон зүүн бүс нутгуудад Ростовын бүсээс “Искандер-М” хоёр баллистик пуужин, Курскын бүсээс Х-31 удирдлагатай пуужин харвасан байна. мөн Брянск, Курск, Миллерово, эзлэгдсэн Донецк болон Крымын хойгоос нийт 108 дрон (Shahed, Gerbera, Italmas болон “Parody” төрлийн дронууд) ашиглан довтолжээ.

Агаарын хамгаалалтын хүчний мэдээлснээр, 89 дроныг саатуулж устгасан боловч хоёр баллистик пуужин, нэг алсын удирдлагатай пуужин болон 9 дрон 8 өөр байршилд туссанаас гадна дроны хэлтэрхий нэг байршлаас илэрсэн аж.

Украины Онцгой байдлын албанаас мэдээлснээр, Днепропетровск мужийн дөрвөн дүүрэгт болсон довтолгооны улмаас 4 хүн амь үрэгдэж, 19 хүн шархаджээ. Мөн захиргааны барилга, зочид буудал, орон сууцны хороолол, автомашинууд эвдэрч сүйдсэн байна. Аврах ажиллагаанд 130 гаруй аврагч, 40 гаруй техник хэрэгсэл оролцжээ.

Мөн Сум мужид энгийн иргэний автомашин дронд оногдсоны улмаас нэг эмэгтэй амиа алдсан талаар мужийн захиргаа мэдээлсэн бол Сум хот дахь хүүхдийн цэцэрлэгт цохилт өгсөн нь батлагдсан аж. Эхний мэдээллээр, хүүхдүүд байгаагүй ч нуранги дор багш нар дарагдсан байж болзошгүй гэж үзэж буй ч тасралтгүй үргэлжилж буй довтолгооны улмаас аврах ажиллагааг эхлүүлэх боломжгүй байгааг онцолсон байна.

Харьков хот болон ойр орчмын бүсэд мөн пуужин болон дроны довтолгоо болж, хотын захиргаанаас мэдээлснээр гал түймэр гарч, зарим иргэд эмнэлгийн тусламж хүсчээ.

Запорожье мужид тавдугаар сарын 5-ны орой үйлдвэрлэлийн нэгэн объектод цохилт өгч, улмаар орон сууцны бүс болон хотын өөр хэсгүүд дахин довтолгоонд өртсөн байна. Нийт 43 хүн эмнэлэгт хандаж, 18 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 4 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлжээ.

Оросын тал тавдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дэлхийн II дайны ялалтын баярыг тохиолдуулан нэг талын “гал зогсоох” мэдэгдэл хийсэн ч Украины тал үүнийг улс төрийн шинжтэй, бодит энх тайвны санаачилга биш гэж үзэж байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 6-ны шөнөөс эхлэн харилцан гал зогсоох нөхцөлтэйгээр цэргийн ажиллагааг зогсоох боломжтой гэж мэдэгдээд, "Хүний амь нас ямар ч баяр ёслолоос илүү чухал" гэж онцолжээ.

Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов ч ОХУ довтолгоогоо зогсоовол Киев гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхөд бэлэн болохыг нотолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, гал зогсоох санаачилгыг анх Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах үеэр дэвшүүлжээ. Харин Зеленскийн хэлснээр Орос улс Украины талд албан ёсоор гал зогсоох талаар мэдэгдээгүй байна.

Эх сурвалж: DW