Дэлхийн алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса Америкийн нэр хүндтэй "Vanity Fair" сэтгүүлийн “Lie Detector Test” буюу худал, үнэн шалгагчтай ярилцдаг цувралд оролцож, фенүүдийнхээ өмнө өмнө нь төдийлөн ярьж байгаагүй олон зүйлээ дэлгэжээ.

Ярилцлагын үеэр Лиса өөрийн жинхэнэ нэр, хүүхэд нас, ирээдүйн талаарх итгэл үнэмшил, сүүлийн үеийн алдартай Labubu тоглоомын цуглуулгын тухай хүртэл ярьсан байна.

Лисагийн анхны нэр Пранприя Манобан (Pranpriya Manobal) бөгөөд 13 настай байхдаа нэрээ өөрчилсөн түүхтэй аж. Түүний хэлснээр, ээжтэйгээ хамт очсон нэгэн үзмэрч түүнд ирээдүйн амжилтад нь илүү тохирох нэр сонгохыг зөвлөсөн байна. Ингээд тэрбээр “магтагдсан нэгэн” гэсэн утгатай Лалиса (Lalisa) нэрийг авсан бөгөөд хожим тайзны нэрээ товчилж Lisa болгожээ.

Тэр мөн Тайландад хүмүүс үзмэрч дээр очих нь түгээмэл, сонирхолтой зүйл гэж үздэг тухай ярьж, өөрөө ч одоо хүртэл ийм зүйлд дуртайгаа хэлсэн байна. Лиса хамгийн сүүлд ойролцоогоор сарын өмнө үзмэрч дээр очиж, 2026 он түүний хувьд ямар байх талаар асуужээ.

Ярилцлагын хамгийн хөгжилтэй хэсгүүдийн нэг нь Labubu-гийн тухай байв. Сүүлийн үед дэлхий даяар тренд болсон энэ хөөрхөн хүүхэлдэйн шуугианыг Лиса өөрөө эхлүүлсэн гэх яриаг тэр үгүйсгэсэн ч үнэн хэрэгтээ Labubu-ийн том фен болохоо нуугаагүй аж. Тэр бүр ховор хувилбаруудыг авахын тулд Pop Mart-аас хүсэж, бэлгэнд авч байсан тухайгаа ч ярьжээ.

Лиса сүүлийн жилүүдэд зөвхөн хөгжмийн салбарт бус, олон улсын тавцанд өөр чиглэлээр ч амжилт гаргаж байгаа аж. Тэр бие даасан уран бүтээлүүдээ гаргаж, жүжигчний хувьд The White Lotus цувралд тоглон, өөрийн уран бүтээлийн хүрээг тэлж буй юм.

Фенүүдийнх нь хувьд энэ ярилцлагын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь дэлхийн хэмжээний од Лисагийн ард байдаг энгийн, хөгжилтэй, өөрийнхөөрөө зан чанарыг илүү ойроос харсан явдал байв.

Эх сурвалж: VANITY FAIR, PEOPLE