Энэ долоо хоногт дэлхийн нефтийн үнэ өсөх хандлага ажиглагдаж байна гэж Kazinform агентлаг мэдээлжээ. Зургадугаар сарын 29-ний өдрийн Астанагийн цагаар 08:00 цагийн байдлаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ дараах түвшинд хүрсэн байна.

Brent маркийн нефтийн фьючерс үнэ нэг баррель тутамдаа 0.48 ам.доллароор өсөж, 72.47 ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын гол жишиг болох WTI маркийн нефтийн үнэ нэг баррель тутамдаа 0.82 ам.доллараар нэмэгдэж, 70.05 ам.доллар болсон байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын экспортын гол төрөл болох Urals маркийн нефтийн үнэ 1.28 ам.доллараар өсөж, нэг баррель нь 60.11 ам.долларт хүрчээ.

Зах зээлд өмнө нь Персийн булангийн бүс нутагт хурцадмал байдал эхлэхээс өмнөх үеийн түвшин рүү үнэ буурах хандлага ажиглагдаж байсан аж. Нефтийн үнийн бууралт зургадугаар сарын 17-ноос эхэлсэн бөгөөд энэ нь АНУ болон Иран улс “харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах тухай мэдээлэл гаргасантай холбоотой байв.

Хөрөнгө оруулагчид нефтийн тээвэрлэлтийн хамгийн чухал замуудын нэг болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр хэвийн үргэлжилнэ гэж хүлээж байсан билээ. Ормузын хоолой нь Персийн булангийн орнуудаас дэлхийн зах зээл рүү нефть экспортлох стратегийн гол гарц юм.

АНУ-ын Сенат зургадугаар сарын 24-нд Вашингтоны захиргааг Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохыг уриалсан тогтоол баталсан байна. Гэвч зургадугаар сарын 26, 27-нд талууд гал зогсоох тухай тохиролцоонд хүрсэн хэдий ч АНУ, Иран харилцан дахин томоохон хэмжээний цохилт өгсөн.

АНУ Ираны эрэг орчмын хэд хэдэн баазад цохилт өгсөн бол үүний өмнө Иран хоёр өдрийн турш Ормузын хоолойгоор дамжиж явсан худалдааны хоёр усан онгоцонд цохилт өгсөн гэж мэдээлжээ.

Үүний дараа хоёр тал зургадугаар сарын 30 хүртэл гал зогсоох дэглэмийг мөрдөхөөр тохиролцож, энэ хугацаанд Катар улсад Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: KAZINFORM