Вьетнам улс Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын (ICAPP) 14 дүгээр Ерөнхий ассамблейг 2028 онд зохион байгуулах санал гаргав. Энэхүү саналыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зургадугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд болсон ICAPP-ын Байнгын хорооны 45 дугаар хуралдааны үеэр дэвшүүлсэн байна.
Хуралдаанд Азийн 17 орны 22 улс төрийн намын төлөөлөл оролцжээ. Вьетнамын Коммунист намын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны намын хорооны Байнгын зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Нго Ле Ван тэргүүлсэн байна.
Хуралдаанд үг хэлэхдээ Нго Ле Ван олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж буй энэ үед яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаа нь энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн үндэс болохыг онцолсон байна.
Тэрээр Вьетнамын Коммунист нам нь улс төрийн намууд хоорондын дипломат харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд бүс нутгийн улс төрийн намуудтай олон талт механизмаар дамжуулан харилцаагаа өргөжүүлэхийг зорьдог гэдгийг тэмдэглэжээ.
Мөн Вьетнам улс ICAPP-ийн үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцож, хамтын зорилгод хувь нэмрээ оруулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
ICAPP-ийн удирдлага болон Байнгын хорооны гишүүд Вьетнамын саналыг сайшааж, энэ нь Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болно гэж үнэлжээ. Энэхүү саналыг энэ оны сүүлээр болох ICAPP-ийн 13 дугаар Ерөнхий ассамблейн үеэр албан ёсоор зарлаж, батлах төлөвтэй байна.

Хурлын үеэр болсон “Дижитал эрин үе дэх Азийн өөрчлөлт” сэдэвт тусгай хэлэлцүүлэгт Нго Ле Ван хиймэл оюун ухаан (AI) нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, улс орны өрсөлдөх чадвар, дэлхийн засаглалын чухал хүчин зүйл болж байгааг онцолжээ.
Тэр "Хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглаж чадсан улс орнууд хөгжлийн шинэ боломж нээх бол хоцорсон орнуудын хөгжлийн ялгаа улам нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс AI-г зөвхөн технологийн асуудал гэж харах бус, харин стратегийн тэргүүлэх чиглэл, үр ашигтай засаглал, олон улсын хамтын ажиллагаа, төр, бизнес, шинжлэх ухаан, иргэдийн оролцоо шаардсан томоохон асуудал гэж үзэх ёстой" хэмээн хэлсэн байна.
Вьетнамын төлөөлөгч мөн тус улсын Улс төрийн товчооны 57 дугаар тогтоол нь шинжлэх ухаан, технологи, инноваци, дижитал шилжилтийг шинэ эриний үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэж тодорхойлсныг дурджээ.
Тэрбээр Вьетнам улс улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, дижитал чадавхыг сайжруулах, хөгжиж буй орнуудыг дэлхийн AI экосистемд илүү идэвхтэй оролцуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгосон байна.
Энэ үеэр Нго Ле Ван Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Янгуг Содбаатартай уулзжээ. Тэд хоёр улсын хөгжлийн стратегийн талаар санал солилцож, хоёр намын олон жилийн харилцаа нь Монгол–Вьетнамын харилцааг өргөжүүлэх бат суурь болж байгааг онцолсон байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг харилцааны гол тулгуур болгох ёстой гэж үзжээ.
Мөн ICAPP-ийн Байнгын хорооны дарга Чон Ый Ёнтой уулзах үеэр Вьетнамын тал тус байгууллагын нэр хүнд, нөлөө өсөж байгааг үнэлж, хэрэв 2028 онд Ерөнхий ассамблейг зохион байгуулах эрх авбал бэлтгэл ажлыг нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ICAPP-ын төлөөлөгчид "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д нэрэмжит төгөлтэй болжээ
ICAPP-ын Удирдах зөвлөлийн хурлын төлөөлөгчид /2026.06.27/ Монгол Улсын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж, мөн ирэх наймдугаар сард болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн 17-р бага хурлыг угтаж ийнхүү ICAPP-ын удирдах зөвлөлийн гишүүд 20 ширхэг нарс мод тарьж, ICAPP-ийн нэрэмжит төгөл байгуулжээ.
Түүнчлэн улс орнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхийг бэлгэдэн өөрсдийн үүсгэн байгуулсан “ICAPP төгөл”-ийг дараа дараагийн хурлын үеэр төлөөлөгч нар ирж нэмэгдүүлэн, тарьсан модоо усалж байх боломжтой болсон байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 30 төрөл зүйлийн 180 мянга гаруй мод 98 хувийн ургалттай ургаж буй бөгөөд нарс мод нь 30-40 метр хүртэл өндөр ургадаг, агаарыг маш сайн ялгаруулдгаараа онцлог. ICAPP-ын төлөөлөгч нар "Ийм сайхан эх оронд айлчлан ирээд, үзэсгэлэнтэй сайхан байгальд мод тарьж, Монгол Улсын 2030 он гэхэд “тэрбум мод” тарих зорилтод нь хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа хэлжээ.
ICAPP нь 2000 онд Филиппиний Манила хотод байгуулагдсан бөгөөд Азийн улс төрийн намуудын хамгийн том олон талт хамтын ажиллагааны форумын нэг юм. Тус байгууллага нь итгэлцэл, ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлж, урт хугацааны энх тайван, хамтын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.
Эх сурвалж: VNA. NAM