Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл ажээ.

Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөснөөр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг байна.

Тодруулбал, сор нь гурван галын үзүүр нийлсэн хурц оройт жаран дөрвөн балин аж. Сор зална гэдэг нь сорын балин түүнийг догшин сахиусны мөн чанарт адислаад очирт аянгын байдлаар галдан шатаасан овоохойн дунд хатуу тарниар дуудан ирүүлсэн дайсан зэтгэр, ад донгийн дээр хүчтэй буулгаад даран сөнөөж байгаа хатуу үйл юм байна.

Иймд сүсэгтэн олон ад зэтгэр, гай барцад, өвчин хорлол энэхүү жахар, сорын үйлээр дарагдан үгүй боллоо хэмээн залбирч сүсэглэдэг ажээ.