Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд нэр дэвшиж буй С.Баярцогт өөрийн хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа танилцууллаа.

Тэрбээр Сангийн сайдын албыг хүлээн авах үед дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг -1.6 хувь хүртэл агшиж, арилжааны шинжтэй хоёр банк дампуурсан хүнд нөхцөл байдалтай байсныг онцлов.

Ийм үед Олон улсын валютын сантай 18 сарын “Стэнд-бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өмнө нь дөрвөн удаа бүтэлгүйтэж байсан төслийг бодитоор хэрэгжүүлсэний үр дүнд 2011 он гэхэд эдийн засгийн өсөлт 17.4 хувьд хүрчээ.

Мөн олон жил гацсан Оюутолгойн гэрээг байгуулж, өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хамгийн том бүтээн байгуулалт, татвар төлөгч, ажил олгогч болох суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсанаа дурдлаа.

Түүнчлэн ОХУ-д төлөх байсан 180 сая ам.долларын өрийг хоёр гаруй жилийн хэлэлцээрийн үр дүнд 97.8 хувиар бууруулж, үлдсэн 3 сая ам.долларыг барагдуулснаар 2015 он гэхэд Монгол Улс өргүй болсон гэв. Тэрбээр эдгээр амжилтыг зөвхөн хувь хүний бус, Сангийн яамны хамт олны хамтын хөдөлмөрийн үр дүн хэмээн онцлон тэмдэглэсэн.

Улс төрийн хувьд нам эв нэгдэлтэй байх үедээ амжилт гаргаж ирсэн туршлагад тулгуурлан 1998, 2004, 2008, 2014 оны эвслийн Засгийн газрын гэрээг ахлан боловсруулж байсан, сүүлийн жилүүдэд нам дотор үүссэн хуваагдлыг даван туулах, нэгтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэв.

Цаашид намын зохион байгуулалтын бүтцийг бэхжүүлж, 30 гаруй нэгжийг нэгдсэн бодлогоор ханган ажилласнаар бодит ялалтад хүрэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

👉 Тэр “Намын удирдлага надад итгэл хүлээлгэж буйд талархаж байна. Энэ итгэлийг хичээл зүтгэл, бодит ажлаар хариулах болно” хэмээн мэдэгдэв.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан завсарласны дараа С.Баярцогтыг дэмжих эсэх талаар санал хурааж байна. Тус намын Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй бөгөөд 50 хувийн босго давсан санал авч байж нэр дэвшигч Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох юм.