Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам Хүй долоон худагт цамын ёслолоор үргэлжилж байна. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм.

Энэ удаагийн ёслолд 90 цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, бүжин наадаж байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой юм.

Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлдэг билээ. 

Дашрамд дурдахад, “Хүрээ цам - Даншиг наадам”-ын эхний өдөр Эзэн Богд Чингис хааны сан тахилга, Очирваань бурхны тахилга, үндэсний бөхийн барилдааны 1–3-ын даваа, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн, балин болон тосон урлалын тэмцээн зэрэг шашин, соёлын арга хэмжээнүүд боллоо. 

Өнөөдөр Даншиг наадмын хамгийн онцлох үйл ажиллагаанууд буюу цам харайх, сор залах ёслол Хүй долоон худагт болж байна. Буддын шашны зан үйл, монголчуудын биет бус соёлын өвийг илтгэх энэхүү ховор үзүүлбэрийг жилд ганцхан удаа үзэх боломжтой.

Мөн үндэсний бөхийн барилдааны 4-8-ын даваа үргэлжилнэ. Түүнчлэн үндэсний сурын харваа, уухай шагайн харваа, сээр шалгах тэмцээн, үндэсний гар урлалын үзэсгэлэн худалдаа болж байна.