Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг тойрсон олон нууцын дунд түүний ээжтэй холбоотой нууц хамгийн их анхаарал татдаг. Тэрбээр 15 жилийн турш төр барих хугацаандаа ээжийнхээ нэрийг нэг ч удаа олон нийтэд дурдаж байгаагүй аж.

Кимийн дарангуйллын эрх мэдлийн хууль ёсны үндэс нь “Пэктү уулын цусны удам” гэх үзэлд тулгуурладаг. Энэ нь солонгос үндэстний домогт өвөг дээдэстэй холбогддог удам угсаа гэж үздэг.

Ийм “цэвэр ариун” удам угсаагаар бахархдаг улсад Кимийн ээж хэн байсан бэ гэдэг зүгээр нэг нууц биш, харин дэглэмийн өөрийнх нь оршин тогтнолд заналхийлэх асуудал аж.

Домогт уул

Солонгосын түүх домогт өгүүлснээр Пэктү уулнаас эхэлдэг. Энэ уул Хятад, Хойд Солонгосын хил дээр байрладаг бөгөөд Солонгосын анхны хаант улсын домогт үндэслэгч Дангүний төрсөн газар гэж үздэг.

Олон мянган жилийн дараа Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен Японы эсрэг тэмцэж байхдаа энэ уулыг нуугдах газар болгон ашиглаж байсан гэх түүх бий аж.

Түүний хүү Ким Жон Ир ч мөн энэ ариун уулын энгэрт төрсөн гэж сурталчилдаг байсан ч бодит байдал дээр Орост төрсөн байх магадлалтай гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн ч Пэктү уулыг олон арван жилийн турш Кимийн гэр бүлийн эрх мэдлийг зөвтгөх бэлгэдэл болгон ашиглаж иржээ.

Хойд Солонгосоос дүрвэсэн дипломатч Рю Хён У “Ким Жон Ун 20 гаруйхан насандаа ямар нэгэн том гавьяа байгуулалгүйгээр зөвхөн Пэктүгийн цусны удамтай учраас залгамжлагч болсон” гэж бичсэн байдаг. Гэвч Кимийн эхийн талын бодит түүх үүнээс өөр дүр зураг харуулдаг аж.

Японоос эхэлсэн нууц түүх

Cheong Seong-chang Ko Yong Hui, probably in her 30s or 40s, wears a blue and white Korean dress and smiles at the camera
Ко Ён Хигийн тухай төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
хэзээ ч дурдаж байгаагүй аж.

Кимийн ээж Ко Ён Хиг Пэктү уулнаас хэдэн зуун километрийн зайд орших Японы Осака хотод төрсөн гэж судлаачид үздэг. Тэр 1952 онд Солонгосын өмнөд эргийн ойролцоох Жэжү арлаас гаралтай гэр бүлд төржээ.

Тухайн үед Японд амьдарч байсан солонгосчуудыг “Зайничи солонгосчууд” гэж нэрлэдэг байсан бөгөөд тэд 1910-1945 оны Японы колоничлолын үед тэнд суурьшсан хүмүүсийн үр удам аж. Ко Ён Хи 10 орчим настай байхдаа гэр бүлийн хамт Хойд Солонгос руу нүүжээ.

Cheong Seong-chang Ko Yong Hui, in a purple and green Korean dress stands on the left. Kim Jong Il sits besides her
Ко Ён Хи нь Ким Жон Ирийн хамгийн дотно байсан эмэгтэйчүүдийн нэг гэж үздэг

1959-1984 оны хооронд ойролцоогоор 93 мянган солонгос хүн Хойд Солонгос руу шилжсэн, тэдэнд үнэ төлбөргүй эрүүл мэнд, боловсрол, ажилтай “сайхан амьдрал” амалсан байна. Гэвч эхэндээ атаархал төрүүлж байсан эдгээр хүмүүсийг дараа нь “жжэпү” гэх доромж нэрээр дууддаг болжээ. Энэ нь гадаадын үзэл санаанд “халдварласан” хүмүүс гэсэн утгатай аж.

Хойд Солонгосын нийгэм маш хатуу шаталсан бүтэцтэй. Үүнийг зарим судлаачид кастын системтэй адилтгадаг. “Сонбүн” гэх ангиллаар “жжэпү” хүмүүс “эргэлзээтэй анги”-д багтдаг, төрийн хяналтад байж, сайн сургуульд орох болон өндөр албан тушаалд хүрэх боломж нь хязгаарлагдмал байжээ. Энэ нь Кимийн гэр бүлийн сурталчилдаг “ариун Пэктүгийн удам” гэх ойлголттой эрс зөрчилддөг аж.

Үнсгэлжингийн түүх шиг амьдрал

Yoji Gomi About a dozen of young women in traditional Korean dresses stand in front of vehicles. Ko Yong Hui stands at the front, on the left
Ко Ён Хи (урд талд, баруун хэсэгт байгаа) нь нэр хүндтэй
Мансүдэ урлагийн хамтлагийн гишүүн байжээ

Ко Ён Хи бусад зайничи солонгосчуудын адил ялгаварлал, хязгаарлалтад үлдэлгүй, хувь заяагаа өөрчилж чадсан аж. Учир нь, тэр Ким Жон Ирийн анхаарлыг татжээ. Тэр үед Ким Жон Ир хэдийнэ залгамжлагч болохоор бэлтгэгдэж байсан бөгөөд өндөр албан тушаалтны охинтой албан ёсоор гэрлэсэн байж.

Японы сэтгүүлч Ёжи Гоми "Гэвч элит Мансүдэ урлагийн хамтлагийн гишүүн байсан Ко Ён Хи гоо үзэсгэлэн, бүжгийн чадвараараа Кимийн сэтгэлийг татсан" гэж бичжээ. Тэд гурван хүүхэдтэй болсон байна. Гэвч гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүд Хойд Солонгост маш их доромжлол, ялгаварлалтай тулгардаг байсан аж.

Yoji Gomi Ko Yong Hui, in sunglasses and a white beanie, sits in a wheelchair pushed by a man. Several people are around her at a hospital in France
Тэргэнцэр дээр буй Ко Ён Хи 2004 онд Францад хөхний
хорт хавдрын улмаас нас баржээ.

Тиймээс Кимийн албан ёсны эхнэр Пёньянд амьдарч байхад Ко Ён Хи болон хүүхдүүдийг далайн эргийн Вонсан хотод нууцлаг байдлаар амьдруулжээ. Тэр хэзээ ч Ким Жон Ирийн албан ёсны эхнэр болоогүй ч “үлгэрийн мэт амьдралтай” байсан гэж зарим судлаачид үздэг аж.

Гэхдээ түүнийг Ким Ир Сен хэзээ ч бэр хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүүхдүүдтэй нь хамт олны өмнө гарч байгаагүй юм байна.

Яагаад Ким Жон Ун залгамжлагч болсон бэ?

A diagram showing the four generations of North Korea's ruling family. Founding father Kim Il Sung and his wife Kim Jong Sook are at the top, while Kim Jong Il, his wife Kim Young Sook and consorts Song Hye Rim, Ko Yong Hui and Kim Ok are listed in the second tier. The third tier shows Kim Kong Il's children from his four partners, including Kim Sul Song, Kim Chun Song, Kim Jong Nam, Kim Jong Chul, Kim Jong Un, Kim Yo Jong. Next to Kim Jong Un is his wife Ri Sol Ju. His daughter Ju Ae is listed at the bottom of the graphic. Some family members are omitted for simplicity.

Ким Жон Ирийн өөр эхнэрүүдээс төрсөн хүүхдүүдийн дундаас Ким Жон Нам эхэндээ боломжтой залгамжлагч гэж тооцогдож байсан аж. Гэвч тэр гадаадад олон жил сурсан, шинэчлэл хийх байр суурьтай байсан учир дэмжлэгээ алдсан гэж үздэг байна.

2017 онд Ким Жон Нам Малайзад мэдрэлийн хороор хордуулан алагдсан. Мөн Кимийн ах Ким Жон Чолыг ч залгамжлагч болох боломжгүй гэж үзсэн байна. Иймд Ко Ён Хи хоёр дахь хүү Ким Жон Уныг залгамжлагч болгохоор дэмжсэн гэж судлаачид бичдэг аж. 2011 онд Ким Жон Ир нас барсны дараа 27 настай Ким Жон Ун эрх мэдлийг өвлөн авчээ.

Ээжийнх нь гарал угсааны нууц яагаад чухал вэ?

Ким Жон Уны төрсөн түүх өнөөдөр ч асуулт дагуулсаар байна. Түүний төрсөн өдрийг өвөө, аавынх нь адил үндэсний баяр болгон тэмдэглэдэггүй нь ч үүнтэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үздэг. Учир нь, төрсөн түүхийг онцлох тусам ээжийнх нь гарал, Пёньянаас гадуур өссөн шалтгаан зэрэг асуудал гарч ирэх аж.

Харин түүний эхнэр Ри Соль Жүг олон нийтэд хурдан танилцуулсан нь өөр шалтгаантай байж болох юм. Судлаачдын үзэж буйгаар, Ри Соль Жү нь Пёньяны дээд давхаргын гэр бүлээс гаралтай бөгөөд түүний удам угсаа дэглэмийн шаардлагад илүү нийцдэг байна.

Cheong Seong-chang Ko Yong Hui, in a white dress, stands on the left. A young Kim Jong Un, in a miitary uniform, sits and writes with a pen.
Ирээдүйн удирдагч Ким Жон Ун ээж Ко Ён Хигийн хамт

Ёжи Гоми “Ким Жон Ун ээжийнхээ гаралтай холбоотой мэдэрсэн сул дорой байдал, дургүйцлээ нөхөхийн тулд эхнэр, охиноо эртнээс олон нийтэд харуулсан байж болох юм” гэж тайлбарлажээ.

Хэрэв нэг өдөр Кимийн ээж Японоос гаралтай солонгос хүн байсан гэдэг нь ил тод болвол энэ нь зөвхөн түүний эрх мэдлийн үндсийг бус, Хойд Солонгосын удам залгамжлалын тогтолцоог бүхэлд нь ганхуулна гэж шинжээчид үздэг байна.

“Энэ нь Хойд Солонгосын нийгэмд цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй адил нөлөө үзүүлнэ” гэж Рю Хён У хэлжээ.