Колумб, Португалийн шигшээ багууд ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтод 0:0-ээр тэнцлээ. АНУ-ын Флорида мужийн Майами хотод болсон тоглолтод хоёр баг гоол оруулж чадалгүй, оноогоо хуваав.

Колумбын шигшээ баг “K” хэсгийг 7 оноотой тэргүүлж, гурван тоглолтын дараа хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан бол Португалийн шигшээ баг 5 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж, хасагдах шатанд шалгарсан байна.

Мөн “K” хэсгээс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шигшээ баг хасагдах шатанд шалгарсан бөгөөд тэд Узбекистаны багийг хожиж, 4 оноо авчээ. Харин Узбекистаны шигшээ баг гурван тоглолтдоо бүгдэд нь хожигдож, хэсгийн сүүлд бичигдсэн байна.

Шөвгийн 32-ын шатанд Португалийн шигшээ баг долдугаар сарын 3-нд Хорватын багтай тоглоно. Колумбын шигшээ долдугаар сарын 4-нд Ганын багтай учраа таарчээ. Харин Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс долдугаар сарын 1-нд Английн шигшээ багтай тоглох юм байна.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээнд анх удаа 48 баг оролцож байна. Тэмцээн долдугаар сарын 19-нд өндөрлөнө.

Хасагдах шатанд хэсэг бүрийн эхний хоёр баг болон гуравдугаар байр эзэлсэн хамгийн шилдэг найман баг шалгарах юм. Одоогийн дэлхийн аварга нь Аргентины шигшээ баг билээ.

Эх сурвалж: TASS