Хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтод Испанийн “Реал Мадрид” Нидерландын PSV багийг 5:1-ээр буулган авч, дараалсан таван хожил байгууллаа.
Мадрид хотод болсон тоглолтын эхний хагаст зочин багийн Иван Перишич 32 дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулж, PSV-г тэргүүлүүлэв. Харин хоёрдугаар хагаст “Реал Мадрид” тоглолтын санаачилгыг бүрэн гартаа авч, таван гоол дараалан оруулснаар итгэл төгс ялалт байгуулжээ.
Тоглолтын 50 дахь минутад Федерико Вальверде тооны харьцааг тэнцүүлсэн бол Жуд Беллингем 60 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан байна.
Үүнээс дөрвөн минутын дараа Килиан Мбаппе тооны зөрүүг нэмэгдүүлж, 84 дэх минутад дахин гоолдсоноор дубль хийжээ. Харин Винисиус Жуниор 87 дахь минутад эцсийн цэгийг тавьж, багийнхаа ялалтыг 5:1 болгосон байна.
Тоглолтын үеэр хэд хэдэн онцлох амжилт бүртгэгджээ. PSV-гийн довтлогч Иван Перишич 37 нас 295 хоногтойдоо “Реал Мадрид”-ын хаалганд гоол оруулснаар Аваргуудын лигт тус багийн эсрэг гоолдсон хамгийн ахмад тоглогч болсон байна.
Мөн тус тэмцээний түүхэнд торгуулийн цохилтоос гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчдийн нэгээр нэрлэгджээ.
Харин “Реал Мадрид”-ын довтлогч Килиан Мбаппе Аваргуудын лигийн долоон тоглолт дараалан гоол оруулсан анхны франц хөлбөмбөгчин болсон байна.
Ийнхүү “Реал Мадрид” таван тоглолтод таван хожил байгуулж, 15 оноотойгоор Аваргуудын лигийн нэгдсэн хүснэгтийг тэргүүлэх болов. Харин ПСВ дөрвөн оноотойгоор 28 дугаар байрт бичигджээ.
Дараагийн буюу зургадугаар тойрогт “Реал Мадрид” арванхоёрдугаар сарын 9-нд Лондонд “Арсенал”-ын талбайд зочлох бол ПСВ мөн өдөр Испанийн “Атлетико Мадрид”-ыг талбайдаа хүлээн авах юм.
Эх сурвалж: RIA NOVOSTI