Японы шигшээ багийн хамгаалагч Юто Нагатомо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) таван удаа оролцсон Азийн анхны хөлбөмбөгчин боллоо.
Тэрбээр “ДАШТ-2026”-гийн хэсгийн шатны гуравдугаар тойрогт Шведийн шигшээ багтай хийсэн тоглолтын 75 дахь минутад, тооны харьцаа 1:1 байсан үед сэлгээгээр талбайд гарчээ.
Өмнө нь таван удаагийн ДАШТ-д оролцсон амжилтыг Мексикийн хөлбөмбөгчид болох Антонио Карбахаль, Андрес Гуардадо, Рафаэль Маркес, мөн Германы Лотар Маттеус, Мануэль Нойер, Хорватын Лука Модрич нар эзэмшиж байв.
Харин хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон буюу зургаан удаагийн ДАШТ-д оролцсон амжилтыг Португалын довтлогч Криштиану Роналду болон Аргентины довтлогч Лионель Месси нар тогтоогоод байна.
Өдгөө 39 настай Нагатомо 2011 оны Азийн цомын тэмцээнд Японы шигшээ багийн хамтаар түрүүлж байсан. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа төлөө 146 тоглолтод оролцсон үзүүлэлтээр бүх цаг үеийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд уг амжилтын эзэн нь зодог тайлсан Японы хөлбөмбөгчин Ясүхито Эндо (152 тоглолт) юм.
Эх сурвалж: TASS