Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “4/11 мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр наадам ойртож буй энэ үед олон чухал хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлж, батлах гэж байгаа нь зохимжгүй хэмээн шүүмжлээд, ийм нөхцөлд хуулийн хэлэлцүүлгийн чанар буурч, нийгэмд сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхааруулав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Олон хууль яаралтай горимоор хэлэлцэхээр орж ирж байна. Наадам дөхсөн энэ үед хүмүүсийн анхаарал сулардаг. Ийм үед томоохон хуулиудыг яаралтай горимоор хэлэлцэх нь буруу. Хэлэлцүүлэг чанартай явагдахгүй, асуудлыг гүнзгий авч үзэх боломж хомс болдог.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хуулиудыг яаравчлахгүйгээр, бэлтгэлээ бүрэн хангаж байгаад намар хэлэлцэх хэрэгтэй. Наадам, шинэ жил, Цагаан сар зэрэг хүмүүсийн анхаарал сарних үеэр чухал хуулиуд оруулж ирэх нь зөв биш” гэв.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удааж, Засгийн газрын санаачилсан хуулийн төслүүдэд түлхүү анхаарч байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
“Манай намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй. Тухайлбал, О.Алтангэрэл гишүүний өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хууль нэг жил гаруй хугацаанд хэлэлцэгдээгүй байна. УИХ-ын гишүүний өргөн барьсан төслийг Засгийн газрын хууль болгох гэж хойшлуулдаг. Энэ хооронд хулгай, зөрчил нэмэгдсээр байна” хэмээн онцлов.
Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүн “Оюу толгой” төслийн асуудлаар байр сууриа илэрхийлж, Монгол Улсын хүртэх ёстой ногдол ашгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ.
Тэрбээр “Оюу толгойн гэрээг байгуулах үед би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тухайн үед анхны ногдол ашгийг 2019, 2020 онд авна гэж тооцож байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч ногдол ашиг аваагүй байна. Зургаан жил өнгөрчихөөд байхад асуудлаа шийдэж чадаагүй, маргалдсаар байна.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээл болон зээлийн хүү, хуримтлагдсан хүүгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадвал Монгол Улс ногдол ашгаа авах боломжтой. Энэ жил Оюу толгой 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж тооцож байна. Монгол Улс 34 хувийн эзэмшилдээ ногдох ашгаа авч чадвал ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Энэ бол маш их мөнгө” гэв.