Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан Төрийн ордонд үргэлжилж буй бөгөөд намын удирдлагын чухал томилгоонуудыг хэлэлцэж байна. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх болон намын таван дэд даргыг сонгон батлах асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Хуралдааны явцад С.Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлээд байна. АН-ын Үндэсний бодлогын хороо 370 гаруй гишүүнтэй бөгөөд нэр дэвшигч нь нийт гишүүдийн 50-иас дээш хувийн дэмжлэг авснаар уг албан тушаалд томилогдох журамтай аж.

Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд 1989 онд Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлагын чиглэлээр, 2003 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн боловсролтой.

Ажлын туршлагын хувьд 1990-ээд оноос төр, улс төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж ирсэн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байв.

Хуралдааныг нээж намын дарга О.Цогтгэрэл үг хэлэхдээ, намын шинэчлэл, дотоод эв нэгдлийн ач холбогдлыг онцолж, фракц хоорондын маргааныг зогсоож, бодлогод суурилсан нэгдмэл үйл ажиллагаанд шилжих шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн ил тод, нээлттэй үйл ажиллагааг хадгалах ч хэмжээг нь хэтрүүлэхгүй байхыг анхааруулж, намын ялалт, амжилтыг хамтын хариуцлагаар бүтээх цаг ирснийг онцолсон юм.

Түүнчлэн Ардчилсан нам таван дэд даргатай байх зохицуулалтын хүрээнд Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүлээд байна. Эдгээр нэр дэвшигчдийг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батлах юм.