FIBA 3x3-ийн мэргэжлийн түвшний “Сүхбаатар Чэлленжер” гранпри тэмцээн Д.Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөв.
Монгол Улсад болсон энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 11 орны шилдэг 16 мэргэжлийн баг өрсөлдсөнөөс Монголын төлөөлөл “Улаанбаатар Энержи” баг аваргын цомыг өргөлөө. Энэ нь тус баг эх орондоо зохион байгуулагдсан мэргэжлийн түвшний гранпри тэмцээнд анх удаа түрүүлж буй онцгой амжилт юм.
“Улаанбаатар Энержи” хэсгийн шатанд хоёрдугаар байр эзэлж, хасагдах шатанд шалгарсан бөгөөд цаашид хүчтэй өрсөлдөгчдийг дараалан буулган авч, аваргын төлөө шалгарсан байна.

Тэд шөвгийн наймд Литвийн “Каунас” багийг 21:17-ийн харьцаатай хожсон бол хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн “Лиман” багтай тун өрсөлдөөнтэй тоглолт хийж, 15:14-өөр ялалт байгуулжээ.
Харин финалын тоглолтод Хорватын “Сибона” багийг 21:16-гаар буулган авч, нутаг дээрээ аваргын алтан медаль хүртсэн байна.
“Улаанбаатар Энержи” баг зөвхөн аваргын цом, нэр хүндээр зогсохгүй ирэх наймдугаар сард Швейцарын Лозанн хотод болох “Лозанн Мастерс” тэмцээнд оролцох эрхээ ийнхүү авч, мөн 20 мянган ам.долларын шагналын эзэн болов.
Аварга багийн бүрэлдэхүүнд Монголын шилдэг 3х3 тоглогчид болох А.Ананд, Э.Дөлгөөн, О.Энхбаатар болон Латвийн нэрт тоглогч Наурис Миезес нар багтсан юм. Тэмцээний шилдэг тоглогч буюу “Үнэ цэнтэй тоглогч” (MVP)-ийн шагналыг олимп, дэлхийн аварга, 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг тоглогчдын нэг Наурис Миезес хүртжээ.

Монголын өөр нэг төлөөлөл болох “Сансар МБанк” баг мөн амжилттай тоглож, хагас шигшээд шалгарсан байна. Тэд хагас шигшээд Хорватын “Сибона” багтай учраа таарч, 9:22-ын харьцаатай ялагдсанаар тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүлсэн. Тус баг 8000 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн хөгжил хурдацтай өсөж буйг харуулсан төдийгүй, манай улсын багууд дэлхийн шилдэг клубүүдтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснийг баталсан томоохон үйл явдал болов.
“Улаанбаатар Энержи”-гийн энэхүү түүхэн ялалт Монголын 3х3 сагсан бөмбөгийн шинэ хуудас нээж, ирээдүйн олон улсын амжилтын эхлэл болохыг спорт сонирхогчид онцолж байна. 🏀🇲🇳


