Монголын дуурийн урлагийн нэрт төлөөлөгч, “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа баритон хоолойт дуучин Ганбаатарын Ариунбаатар энэ зун үзэгч, сонсогчдодоо нэгэн сайхан бэлэг барихаар болжээ.

Тэрбээр өмнө нь 2012 онд “Монгол сонгодог”, 2015 онд “Монгол сонгодог 2”, 2018 онд “Монгол сонгодог 3” тоглолтуудаа амжилттай толилуулж, монголчууддаа сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлж байсан билээ. Энэ удаа олон жилийн дараах үргэлжлэл болох “Монгол сонгодог 4” тоглолтоо эх орондоо хийхээр болсон байна.

Энэхүү тоглолт долдугаар сарын 22-нд Архангай аймгийн “ARA complex”-т зохион байгуулагдах бөгөөд Г.Ариунбаатар дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдээс гадна монгол аялгуу, үндэсний өнгө аясыг шингээсэн уран бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөжээ.

“Монгол сонгодог” цуврал тоглолтууд нь Г.Ариунбаатарын уран бүтээлийн онцгой нэгэн хэсэг бөгөөд зөвхөн дуурийн ари төдийгүй Монголын хөгжмийн өв, сонгодог урлагийг дэлхийн түвшинд таниулах зорилготой төслүүдийн нэг ажээ.

Дэлхийн дуурийн томоохон тайзнаа Монголын дуу хоолой

Г.Ариунбаатар энэ зун эх орондоо тоглолтоо хийхийн зэрэгцээ Европын хамгийн нэр хүндтэй дуурийн фестивалиудад оролцохоор болжээ.

Тэрбээр Италийн Мачерата хотод болох 61 дэх удаагийн Мачератийн дуурийн фестивальд "Nabucco" дуурийн гол дүрүүдийн нэгд оролцох аж. Тодруулбал, долдугаар сарын 17, 26, наймдугаар сарын 1, 9-ний өдрүүдэд дэлхийн сонгодог урлагийн өлгий болсон Италийн тайзнаа Монголын баритон хоолой эгшиглэх нь ээ.

Мөн тэрбээр:

7-р сарын 29-нд Италийн Падова хотод Cavalleria Rusticana дуурийн тоглолтод,
8-р сарын 4-нд Италийн Кастеллогийн театрт Tito Gobbi-д зориулсан арга хэмжээнд,
8-р сарын 21-нд Puccini Festival-ийн 72 дахь удаагийн наадамд Tosca дууриар тус тус тайзнаа гарах аж.
Монголын сонгодог урлагийн бахархал

Г.Ариунбаатар олон улсын нэр хүндтэй уралдаан, тайзуудаас Монголын нэрийг дэлхийд хүргэсэн уран бүтээлчдийн нэг юм. Түүний хүчирхэг хоолой, тайзны ур чадвар, дүрийн гүн мэдрэмж нь дэлхийн сонгодог дуурийн ертөнцөд үнэлэгддэг.

Энэ удаагийн “Монгол сонгодог 4” тоглолт түүний эх орондоо зориулсан уран бүтээлийн нэгэн шинэ хуудсыг нээж, монгол үзэгчдэд дэлхийн хэмжээний дуурийн мэдрэмжийг ойртуулах онцгой үдэш болох нь ээ.

Монголын нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж буй Г.Ариунбаатарын “Монгол сонгодог 4” тоглолт сонгодог урлагт дурлагчдын заавал үзэх тоглолтуудын нэг байх нь дамжиггүй.