Криштиано Роналдо мягмар гарагт АНУ-ын Хьюстон хотод болсон ДАШТ-ий урьдчилсан шатны К хэсгийн Португал-Узбекистаны тоглолтын үеэр гоол оруулснаар хөлбөмбөгийн түүхэнд Дэлхийн аваргын зургаан өөр тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо.

Тоглолтын эхний үед баруун жигүүрээс Жоау Канселугийн өгсөн дамжуулалтыг Роналдо торгуулийн талбайн ойроос амжилттай хаалганд оруулж, Португалын шигшээ багийг тэргүүлэлд гаргасан байна.

Энэ гоол нь түүний шигшээ багийн төлөөх 230 дахь тоглолтдоо оруулсан 144 дэх гоол байсан бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багуудын дэлхийн дээд амжилтад тооцогдож буй юм.

FIFA World Cup 2026 - Group K - Portugal v Uzbekistan

Роналдо анх 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш болсон бүх ДАШТ-д дараалан гоол оруулжээ. Тодруулбал:

  • 2006 он – Герман
  • 2010 он – Өмнөд Африк
  • 2014 он – Бразил
  • 2018 он – ОХУ
  • 2022 он – Катар
  • 2026 он – АНУ, Канад, Мексик

Тэрбээр ийнхүү ДАШТ-ий зургаан өөр тэмцээнд гоолдсон түүхэн дэх анхны тоглогч болсон юм.

Мөн Узбекистаны эсрэг оруулсан энэхүү гоолоороо Роналдо Португалын домогт довтлогч Эйсебиугийн Дэлхийн аваргын тэмцээнд оруулсан нийт 9 гоолын рекордтой эн зэрэгцжээ.

FIFA World Cup 2026 - Group K - Portugal v Uzbekistan

Өдгөө 41 настай ч дэлхийн хамгийн өндөр түвшинд өрсөлдөж, 20 жилийн турш дараалан ДАШТ-д гоолдож буй нь Роналдогийн спортын амжилт, мэргэжлийн өндөр түвшний бэлтгэлийн тод жишээ хэмээн үнэлэгдэж байна.

Мөн тэрбээр өнөөдрийн байдлаар үндэсний шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон, хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчний дэлхийн дээд амжилтыг эзэмшсээр буй юм.

Эх сурвалж: REUTERS