Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин намын дотоод нөхцөл байдал, удирдлагын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр намын дарга болон бүлгийн даргын үүргийг хавсарч гүйцэтгэх асуудлаар өмнө нь эсрэг байр суурь илэрхийлж байсан зарим гишүүд одоо байр сууриа өөрчилж байгааг онцлов. Харин өөрийнх нь хувьд сөрөг хүчний лидер нэг төвтэй, нэг толгойтой байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Хэрэв удирдлага олон толгойтой болбол сөрөг хүчин сулрах, ажлын хариуцлага сарних эрсдэлтэйг анхааруулав. Түүний хэлснээр, энэ асуудлыг цаашид нам дотроо хэлэлцэгдэж, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохирсон шийдлийг нам өөрөө гаргах ёстой аж.

Мөн өнөөдрийн АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар хэд хэдэн чухал асуудал шийдэгдэх хүлээлттэй байгааг дурдсан ч намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны талаар хувийн байр суурь илэрхийлэхгүйгээ мэдэгдэв.

Түүнчлэн тэрбээр үе хоорондын оролцооны талаар байр сууриа илэрхийлж, 1970-аад онд төрсөн улс төрчид нам дотор болон улсын хэмжээний бодлогын гол шийдвэр гаргагчид болж буйг онцоллоо. Харин 1980-аад оныхонд намын өдөр тутмын үйл ажиллагаа, “гал тогооны” буюу бодит ажил үүргийг хариуцах боломжийг илүү олгох хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Х.Тэмүүжин намын эв нэгдлийн асуудлыг хөндөж, хүн дагасан “механик” өрсөлдөөн газар авч буйг шүүмжилжээ. Хэний ард хэдэн хүн байна, хэн илүү олон дэмжигч цуглуулж чадсан бэ гэдгээр өрсөлдөх нь намын хуваагдлыг гүнзгийрүүлж, улмаар сулруулдаг гэв. Ийм хуваагдлын цаана гаднын нөлөө байж болзошгүйг сануулж, гишүүдийг гаднаас “урсгаж” буй талцалд автахын оронд үзэл санааныхаа үнэт зүйлсийг тойрон нэгдэхийг уриаллаа.