Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн дүн болон 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа танилцууллаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Янгугийн Содбаатарын мэдээлснээр, нөхөн сонгууль улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж, нийт 46 мандатын төлөө 93 нэр дэвшигч өрсөлджээ.
Эцсийн дүнгээр, МАН 26 мандат буюу 56.5 хувийг авч олонх болсон бол Ардчилсан нам 17 мандат буюу 36.9 хувийн санал авчээ. Харин ХҮН нам нэг мандат авсан бөгөөд хоёр бие даагч сонгогдсон байна.
Тэрбээр "Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул аймгуудад МАН бүх есөн мандатад ялалт байгуулсныг онцолж, энэ удаагийн сонгуулийг иргэдийн улс төрийн хандлага, нийгмийн уур амьсгалыг тодорхойлох чухал шалгуур гэж үзэн ач холбогдол өгч ажилласан" гэж хэллээ.
Я.Содбаатар “МАН-д итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархаж байна. Бид энэ итгэлийг бодит ажлаар хариулж, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан зорилтууд болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлнэ” гэв.
Хэвлэлийн хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Я.Содбаатар намын удирдлагын түвшинд энэ асуудал яригдаж байгаа ч одоогоор тодорхой нэг хүний нэр яригдаагүй талаар онцолсон юм.
Түүний хэлснээр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагыг хангах боломжит нэр дэвшигчид МАН-д олон байгаа бөгөөд нэр дэвшигчийг зөвхөн намын хүрээнд бус, иргэдийн санал, хүлээлтэд тулгуурлан тодруулах зарчим баримтлах аж.
Тэрбээр “Ард түмэн ямар Ерөнхийлөгчийг хүсэж байна, ямар хүнийг төрийн тэргүүнээр харахыг хүсэж байна гэдгийг судалж, намын анхан шатны байгууллагууд болон олон нийтийн саналд үндэслэн нэр дэвшигчээ тодруулах арга хэлбэрийг сонгоно” гэж мэдэгдэв.
“МАН дотор хуваагдал байхгүй”
Сүүлийн жилүүдэд МАН дотор фракцын зөрчил, хуваагдал үүссэн гэх асуудалд тайлбар өгөхдөө Я.Содбаатар намын 31 дүгээр Их хурлын дараа дотоод ойлголцол бүрэн хангагдсан гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Түүний хэлснээр, намын даргыг өндөр саналын хувьтайгаар сонгосон, өмнө нь яригдаж байсан бүлэглэлүүдийн хуваагдал өнөөдөр байхгүй болсон аж.
Тэр “30:38 гэсэн хуваагдал байхгүй. Зарим гишүүд парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн байр сууриа илэрхийлдэг. Үүнийг намын дотоод хагарал мэтээр ойлгох нь бий. Гэхдээ хууль, бодлогын асуудал дээр манай бүлэг нэгдсэн байр суурьтай ажиллаж байгаа” хэмээн хэлэв.
Захиалгат судалгаа гаргаж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийж байна гэв
Мөн улс төрийн намуудын рейтингтэй холбоотой судалгааны талаар ярихдаа зарим байгууллага захиалгат судалгаа гаргаж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийж байна гэж шүүмжиллээ.
МАН-аас саяхан хийлгэсэн судалгаагаар, тус намын дэмжлэг 19.6 хувь, Ардчилсан намын дэмжлэг 16.7 хувьтай гарчээ.
МАН-ын удирдлага аль нэг улс төрийн намыг дэмжихгүй гэсэн байр суурьтай иргэдийн эзлэх хувь өндөр байгаа нь улс төрийн намуудын өмнө итгэлцлийг сэргээх, бодит үр дүн гаргах шаардлага бийг харуулж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.